Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн Хойд Азийн бүсийн төв болон Олон Улсын Боловсрол, сургалтын төвтэй хамтран “Мэдлэгээ түгээж, аюулгүй амьдарцгаая” уриан хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт сургалтыг үндэсний болон орон түвшинд зохион байгуулж байна.
Үндэсний түвшний сургалт өнөөдөр Онцгой байдлын газарт эхэллээ. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн Хойд Азийн бүсийн төв болон Олон Улсын Боловсрол, сургалтын төвийн дарга Санжаяа Батиа, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн Хойд Азийн бүсийн төв болон Олон Улсын Боловсрол, сургалтын төвийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хатагтай Анна Кристина Торланд нар оролцож үг хэллээ.
Сургалтад гамшгаас хамгаалах албад, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Монголын Улаан загалмай нийгэмлэг болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуууллагын төлөөлөл оролцсон 70 гаруй хүн оролцож байна.
Харин орон түвшний сургалтыг 2016 оны 10-р сарын 13-14-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах юм.