А.Ариунболд: Онцгой байдлынхан ирээгүй бол чиргүүл тэр чигтээ шатах байсан

106483.jpg

А.Ариунболд: Онцгой байдлынхан ирээгүй бол чиргүүл тэр чигтээ шатах байсан

-ХҮҮХДҮҮД НЭГ НЭГ РҮҮГЭЭ “ЭНЭ ШАТААСАН” ГЭЭД БАЙЖЭЭ-

Энэ сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын нутаг дэвсгэрт байрлах “MT” шатахуун түгээх газрын хажууд өвс зараад зогсож байсан ачааны “Deawoo” маркийн 70-19 улсын дугаартай автомашинд гурван хүүхэд гал тавиад зугтаасан хэрэг гарсан. Энэхүү галын улмаас нэг иргэний эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан байна.

Тухайн жолооч хүнээс 870 ширхэг боодол өвсийг нэгийг нь 3000 төгрөгөөр зээлж аваад, 4500 төгрөгөөр зарж борлуулдаг байсан тухайгаа ярьсан юм. Тэрээр хэлэхдээ “Өрөнд орсон болохоор ядаж тал төлбөрийг нь  ч болтугай  өгөөсэй гээд сууж байна. Ядаж өрөө дарах юмсан” хэмээн учирлаж байлаа.

Гэнэн томоогүй хүүхдүүд тоглож байгаад ингэж их гал гаргаж, хүнд хохирол учруулна гэж яахан санах билээ. Эцэг эх нь асаагуураар тоглож болохгүй гэдгийг сайн хэлж, гарах эрсдлийг ухуулан таниулаагүйн улмаас найман настай гурван хүүхэд галаар тоглож, машинд ачсан өвсийг шатааж орхижээ. Бид иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс “Deawoo” маркийн автомашины жолооч А.Ариунболдтой уулзаж цөөн хором ярилцлаа.

-Яг юу болсон бэ?

-Тэр өдөр би 16:30 цагийн үед машиныхаа кабинд хоёр хүнтэй хамт гурвуулаа сууж байсан. Надтай хүн утсаар яриад бүх өвсийг чинь худалдаж авъя гэхээр нь хөдлөх гээд байж байсан. Гэтэл нэг саарал өнгийн япон тэрэг машины урд ирээд гурван бага насны хүүхэд буулгаад хөдөлсөн. Хүүхдүүд гүйлдээд манай машины хажуугаар явсныг нь би толиндоо хараад сууж байсан. Гэтэл удалгүй хүмүүс машин дээр чинь байгаа өвс шатаж байна гэж хэлэхээр нь гурвуулаа ухаангүй гүйгээд л гарсан. Гараад харахад машин дээр ачсан өвс өнгөн хэсгээсээ шатаж байсан. Би өөрийн машины болон ойр байсан машины галын хорыг аваад шүршихэд бүр дүрэлзээд эхэлсэн. Тэрнээс биш багахан гал асаж байсан. Нийт дөрвөн машины галын хороор унтраах гэж оролдоод бүтээгүй. Эхлээд бид дээшээ гарч ирсэн галыг түлхэж унагаагаад байсан юм. Сүүлдээ бүр их асаад ирэхээр нь шатахуун түгээгүүрийн газарч байна гээд жалга руу шатсан өвсөө унагаагаад явсан. Төд удалгүй Онцгой байдлынхан хоёр машинтай ирээд унтраасан юм. Онцгой байдлынхан ирээгүй байсан бол чиргүүл тэр чигтээ шатаах байсан.

-Хүүхдүүд гал тавиад зугтсан юм уу?

-Тийм. Би гал унтраагаад ухаан сөхөөгүй байсан. Харин хамт байсан нэг хүн нөгөө гурван хүүхдийг нэгийг нь барьж авсан байсан. Хүүхдүүд нэг нэг рүүгээ энэ шатаасан гээд л байсан гэсэн. Би хүүхдүүдийг яаж гарсныг нь гайхаад байна. Би өөрөө ачсан өвсөн дээр гарахад хэцүү байдаг юм.

-Машины чинь аль хэсэг чинь шатсан бэ?

-Машины ачааны чиргүүлийн хойд хэсгээрээ шатсан. Хойд хэсгийн бүх эд анги шатсан юм. Би бас надтай хамт байсан нэг хүн гал унтраахдаа гадуур хувцсаараа цохисон. Хувцасны халаасанд байсан бүх бичиг баримт болон хоёр гар утас, хэтэвчинд байсан 96 мянган төгрөг, машины түлхүүр, нөгөө хүний 400 мянган төгрөг шатсан.

-Танд хэр их хохирол учирсан бэ?

-Одоогийн байдлаар өвс нь гэхэд дөрвөн сая төгрөг болоод байна. Тэгээд гар утас болон халаасанд байсан мөнгө, машины арын эд анги гээд иймэрхүү л хохиролтой үлдсэн дээ. Мөн ачааны машины олсны мөнгө гэхэд нэг сая орчим төгрөг болж байгаа юм.

-НАЙМТАЙ ХҮҮХДҮҮД ГЭНЭН ТОМООГҮЙ, САВААГҮЙ ЗАНГААСАА
БОЛЖ ГАЛ ТАВЬЖЭЭ-

Энэ хэргийн талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсгийн мөрдөн байцаагч н.Мөнхнарангаас тодрууллаа.

-Хэрэг юунаас үүдэн гарсан бэ?

-Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсэрт 2016 оны аравдугаар сарын 6-ны өдөр “MT” шатахуун түгээх газрын хажууд, ертөнцийн зүгээр зүүн талд өвс зардаг “DEAWOO” маркийн авто машины тэвшин дээрх өвсийг найман настай хүүхдүүд асаагуур ашиглан гал тавьсан хэрэг гарсан байна.

-Манай улсын хуулинд ийм тохиолдолд хэрхэн арга хэмжээ авдаг вэ?

-Найман настай 2-3 хүүхэд гэнэн томоогүй, саваагүй зангаасаа болж тоглож байгаад гал тавьсан байна лээ. Одоогоор хэргийг шалгаж эхэлж байгаа, ямар зүйл заалтаар, хэрхэн шийдэхийг Хан-Уул дүүргийн прокурортой хэлэлцэж шийддэг. Манай улсад 14 наснаас доош хүүхдүүдийн эцэг эхтэй нь хариуцлага тооцдог хуультай.

-Тухайн үед ямар арга хэмжээ авсан бэ?

-Тухайн үедээ шатахуун түгээгүүрийн хажууд байсан учраас гал үсэрч магадгүй гээд жалга руу өвсөө унагаагаад цааш явсан гэсэн.Үлдсэн өвсүүдийг нь ойр хавьд байсан хүмүүс бүгд унтраасан байна лээ. Нийт 870 боодол өвс ачин, зарж байсны яг тал нь бүрэн шатаж дууссан байна.

У.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: www.medee.mn                  http://medee.mn/main.php?eid=84360

 

 

 

scroll to top