НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Live to Tell” буюу “Мэдлэгээ түгээцгээе” уриаг дэвшүүлээд байна. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн Хойд Азийн бүсийн төв болон Олон улсын Боловсрол, сургалтын төв, Өмнөговь аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах нь” сэдэвт сургалт өнөөдөр Өмнөговь аймагт эхэллээ.
Энэхүү сургалтанд Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь аймгуудын Онцгой байдлын газрын орлогч, Гамшгаас урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Өмнөговь аймгийн гамшгаас хамгаалах орон нутгийн албад, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл нийт 45 хүн хамрагдаж байна.
Сургалтад хамрагдсан албан хаагчид Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутагт хэрэгжүүлэх талаар өөрсдийн сурч мэдсэн мэдлэгээ иргэд, олон нийтэд түгээн ажиллах юм.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах нь” сургалт хоёр хоног үргэлжилнэ.