Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Орхон, Хөвсгөл, Завхан аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 19, 21, 22-нд Алтайн уулсаар, 20-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /16 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2016.10.17-ны өдөр Орхон голын гүүрнээс Хушаат сумын чиглэлд усаар 10 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр; Орхон аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 завь, 1 техник хэрэгсэлтэйгээр, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газраас 2016.10.14-ний өдрөөс 2016.10.17-ны өдөр хүртэл Орхон голын усаар 263 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр тус тус түр зогсоосон.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Завхан аймгийн Идэр сумын төвөөс зүүн урд зүгт 37 км зайд /У-47094/00//, Ө-97066/00/// 2016.10.17-ны өдрийн 03:10:28 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-с ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мэндбаяраас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа.

4.Ой хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Түнхэл багийн “Тайжийн нуруу” /Урмын хясаа/ гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 80 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 14:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24  иргэн, 2 автомашин, нийт 45 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.17-ны өдрийн 13:00 цагт;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Баян даваа” гэдэг газар /Дархан-Уул аймгийн төвөөс баруун зүгт 9 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.17-ны өдрийн 11:41 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 8 иргэн, 2 автомашинтай ажиллаж 2016.10.17-ны өдрийн 13:12 цагт  тус тус унтраасан.

5. Объектын гал түймэр:

Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аймгийн дулааны станцын байрны  дулаалгын материал шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.17-ны өдрийн 12:42 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны “Малчдын хороо”-ны 4 дүгээр гудамжийн 1 тоот хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 50 дугаар ангийн 25 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн /16 давхар/ 16 дугаар байрны 1, 2, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар давхрын цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.17-ны өдрийн 23:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 32 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 6 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн бөгөөд угаарын хордлого тайлах эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирсан.

6. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Дондогын булаг” гэдэг газар бага оврын ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.10.17-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн иргэн О /41 настай, эрэгтэй/, Г /53 настай, эрэгтэй/, М /49 настай, эрэгтэй/ нарыг сумын эмнэлэгт; иргэн Б /49 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн. Сумын эмнэлэг явах замд иргэн М /49 настай, эрэгтэй/ нас барсан.

Ахуйн осол: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 16 дугаар гудамжийн 3 тоотод иргэн П-н гражийн төмөр дээвэр салхинд хийсэж, тус гудамжийн 2 тоотод иргэн Д-н 5 ханатай гэр дээр дарж унасан, гэрт зууханд гал түлсэн шатах гээд байгаа тухай дуудлагыг 2016.10.17-ны өдрийн 20:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж нурсан гэрээс гал түлсэн зуухыг гаргаж аюулгүй болгосон.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top