Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод болон Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи 6-11 м/с, 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багийн 2 дугаар гудамжийн 27 тоотод оршин суугч иргэн Г /52 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 2016.10.20-ны өдрийн 18:00 цагт гэрээсээ гарч айлд очихоор яваад сураггүй болсон дуудлагыг 2016.10.20 -ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын 9  албан хаагч,  2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад гэртээ эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Цас, шаварт саатсан: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багийн “Зээгтийн даваа” гэдэг газар хүчтэй цасан шуурганы улмаас зам хаагдаж, 3 автомашин, 6 зорчигч саатсан тухай дуудлагыг 2016.10.20-ны өдрийн 00:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.20-ны өдрийн 03:20 цагт татан гаргасан.

3.Ой хээрийн түймэр:

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Жадан хөшөө” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.20-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч орон нутгийн 20 иргэн, 3 автомашинтай ажиллаж 2016.10.20-ны өдрийн 16:20 цагт унтраан тус багийн байгаль хамгаалагч Х.Балдоржид хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр:

Увс аймгийн Улааном сумын 8 дугаар  багийн “Усан тогтоолдог” гэдэг газар  /сумын төвөөс зүүн зүгт  12 км/-т хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.21-ний өдрийн 04:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 9 албан хаагч 3 автомашинтайгаар ажиллаж байна.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top