24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын зарим газраар түр зуур 16-18 м/с, төв болон говийн аймгуудын зарим газраар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 24, 25-нд ихэнх нутгаар, 26,27-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.  24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх:Булган аймаг Орхон сум  Халиун багийн нутаг, Орхон голын “Хангал Тээлийн гарам” гэдэг газарт усанд осолдсон иргэн  О /14 настай, эрэгтэй/-ын эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж өгнөүү гэсэн хүсэлтийг 2016.10.22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн эрэн хайх аврах бүлгийн дарга а/а Б. Батсайхан, нийт 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Эрэн хайх ажиллагааг Ханхар, Тээлийн гарам зэрэг газруудаар  зохион байгуулна.

3. Аюулт үзэгдлийн талаар: 

Ой, хээрийн түймэр: Хэнтий аймийн Баянхутаг сумын  Жаргалант багийн “Өвөр хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016 .10.22-ны  өдрийн 11:41 цагт хүлээн авч тус аймагийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.22-ны өдрийн 17:21 цагт бүрэн унтрааж, багийн Засаг дарга Г-д хүлээлгэн өгсөн. /түймэрт нийт 110 орчим га талбай өртсөн/.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Улаан худгийн нуруу” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.10.22.-ны өдрийн 17:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, Асгат сумын 6 иргэн, 1 автомашин, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.23-ны өдрийн 01:20 цагт цурамд оруулж 08:00 цагт бүрэн унтраасан.

 4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 35 дугаар гудамжийн 37 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч 2016.10.22-ны өдрийн 12:43 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 16 дугаар гудамжийн 8 тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.22-ны өдрийн 21:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Смарт моторс” ХХК-ийн хашаанд амбаар, 20 тоннын чингэлэг дотор хүнсний бараа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.22-ны өдрийн 23:54 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 9 албан хаагч;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Уртын гудамжийн 2-3 тоотод иргэн Э-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.22.-ны өдрийн 13:25. цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  1 дугаар   багийн 1 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Б-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.22.-ны өдрийн 14:25. цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Бумбатын Цагаан нуур ” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ шар өвс шатаж байна гэсэн  дуудлагыг 2016.10.22-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж бүрэн унтраасан. /түймэрт нийт 0,7   га орчим бэлчээрийн талбай өртсөн/.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн “Альфа таун” 3 дугаар байрны 3 дугаар давхрын коридорт хөргөгч шатаж байна дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 00:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч;

Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3-р багийн “Хасу” нийтийн худалдааны төвийн зүүн талд иргэн Г-н байшин, хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 04:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 9 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

                                           

                                                ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top