Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Хөвсгөл, Орхон, Дорнод, Завхан, Говь-Алтай, Төв, Дархан-Уул, Дундговь, Хэнтий аймгуудаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон  шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 0 градус орчим  байна.

Төлөв байдал: 26, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар,  28-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи  26, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд  говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12 -17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймаг Орхон сум  Халиун багийн нутаг, Орхон голын “Ханхар Тээлийн гарам” гэдэг газарт усанд осолдсон иргэн О /14 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2016.10.22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, Булган аймгийн эрэн хайх аврах бүлгийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэл, 1 завьтайгаар 2016.10.24-ний өдрийн байдлаар автомашинаар 65 км, Орхон голоор завь ашиглан 32 км явж эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан. 2016.10.24-ний өдрийн 16:30 цагт Эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 завь, 1 техник хэрэгсэлтэйгээр, сумын Цагдаагийн хэсгийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, ар гэрийн 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр осолдсон газраас Хушаат сум хүртэл голоор завь ашиглан 50 км газарт эрлийн ажиллагааг зохион байгуулсан. Нэмэлтээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр 12:30 цагаас 16:00 цагийн хооронд голоор завь ашиглан 80 км, осолдсон газраас 300-400 метрийн зайд гүний шумбалтыг хийж ажилласан.

Ус, цас, шаварт саатсан:

Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн шинэ хороо Цагаан хаалганы урд талд иргэн Э /эмэгтэй согтуу/  улсын дугаартай  жийп загварын автомашин хөдөлбөл замын хажуугийн жалга луу уначих гээд байна гэсэн дуудлагыг 2016.10.25-ны өдрийн 03:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,  Ар согоотын 1 дүгээр гудамжны 42 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 09:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 5 дугаар гудамжны 40 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 2 дугаар гудамжны 8 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09:27 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top