Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, баруун болон говийн аймгуудын зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар,  28-нд нутгийн хойд хэсгээр, 29-30-нд зарим газраар цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд говь талын нутгаар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч 1 автомашин, ар гэрийн 4 хүн , 1 автомашин, нийт 18 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 2016.10.25-ны өдрийн байдлаар Хар усан тохойгоос Хушаатын бирваз хүртэл 50 км-т завьтай 2 удаа явж ажилласан.   

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхрын 17 тоотод айлын цонхноос хүүхэд үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.10.25-ны өдрийн 15:04 цаг хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Б /2 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдсон байсныг аюулгүй болгож Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 3. Аюулт үзэгдлийн талаар:

Объектын гал түймэр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13 дугаар гудамжийн 492 тоотод иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.25-ны өдрийн 08:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 12 дугаар гудамжийн 359 тоотод иргэн А-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 9 албан хаагч;

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 7 дугаар гудамжийн 220 тоотод иргэн А-н 49-06 ЗАН улсын дугаартай “Хюьндай Стана” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.25-ны өдрийн 20:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 9 албан хаагч;     

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг Их Дарь-Эхийн 2 дугаар гудамжийн 4-19 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.25-ны өдрийн 21:26 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар  багийн нутаг “Адаргана” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 11 км-т/ иргэн Г-н 90-10 УНЭ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.26.-ны өдрийн 03:24 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top