Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Увс аймгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон  төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь, зүүн аймгуудын зарим газраар цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн,  бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 2-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө  дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 60 айлын орон сууцны 18 тоотод оршин суугч иргэн М /62 настай, эрэгтэй, Сэтгэцийн эмгэгтэй/ 2016.10.27-ны өдрийн 12:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.28-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 8 албан хаагч, 1 автомашин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 5 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 12 иргэн, 2 автомашинтай, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч 2 автомашин, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 29 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.10.28-ны өдрийн байдлаар Хушаатын гүүрээс “Шар дэрс” гэдэг газар хүртэл голын эрэг дагуу явганаар 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, ажиллагааг түр зогсоосон.

3.Объектын гал түймэр:

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжийн 56 тоотод эзэн нь тодорхойгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.28-ны өдрийн 07:59 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /76 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top