Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Хэнтий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын хойд хэсэг болон баруун аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Халх голын саваар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар цас орно. Салхи 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 7, 8-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 17 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 2016.11.03-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Хушаат сумын “Мангирт”-ын бригадаас “Орхон-Ерөө”-гийн бэлчир хүртэл явганаар 30 км газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид “Хар-Усан тохой”-гоос “Мангирт”-ын бригад хүртэл голын усаар 7 км, явганаар 10 км газарт нисдэг төхөөрөмж ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Баруун дэрэстэйн бууц” гэдэг газар малчин Ч-н 97 хониноос 40 хонь 2016 оны 10 сарын 30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.11.02-ны өдрийн 1054 дугаар хариугаар “Хонины цэцэг ” өвчин болох нь тогтоогдож тус аймгийн Засаг даргын 2016.11.03-ний өдрийн А/342 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.11.03-ны өдөр 40 хонийг зориудаар устган. Байнгын хяналтын 1 цэгт, 2 хүн, 1 автомашинтай ажиллаж байна.

4. Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Шаргын-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.11.03-ны өдрийн 10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 20 иргэн, 5 автомашинтай, нийт 44 хүн, 7 автомашинтай ажиллаж 2016.11.03-ны өдрийн 17:00 цагт;

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Хуст” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.11.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 5 автомашинтай ажиллаж 2016.11.03-ны өдрийн 17:20 цагт;

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Зөнөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 15 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.11.03-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн, 6 автомашинтай ажиллаж 2016.11.03-ны өдрийн 16:35 цагт;

Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан багийн “Шарга-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.11.03-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч орон нутгийн 27 иргэн, 5 автомашинтай ажиллаж 2016.11.03-ны өдрийн 16:10 цагт тус тус ажиллаж унтраасан.

5. Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 51 дүгээр гудамжийн 6-Б тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.03-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх  дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ийн 14 дүгээр гудамжийн 284 тоотод байшин, граж шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.04-ний өдрийн 00:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай;

Дундговь аймаг Сайнцагаан сумын 6 дугаар багийн “Эрчим”-ийн  1 дүгээр гудамжийн 9 тоот хашаанд хураалттай өвс  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.03-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

6. Техникийн холбогдолтой ослын талаар:

 Ахуйн осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Наран плаза” төвийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байгаа тухай дуудлагыг 2016.11.03-ны өдрийн 16:01 цагт хүлээн авч Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Д /28 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 

scroll to top