Энэтхэг улсын Шинэ Дели хотноо энэ сарын 02-ны өдөр эхэлсэн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын чуулга уулзалтад Монгол Улсаас Шадар сайд У. Хүрэлсүх тэргүүтэй Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг зэрэг төр, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэл өндөртэй бүс нутаг юм. Иймд байгаль цаг уурын өөрчлөлт болон хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэл гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг арилгах асуудал зөвхөн нэг улс, Засгийн газрын хүчин чадлаар зохицуулагдах боломжгүй тул Азийн бүс нутгийн хэмжээнд энэхүү арга хэмжээг Энэтхэг улсын Засгийн газар НҮБ-тай хамтран анх удаа зохион байгуулж байгаа юм.
Уг арга хэмжээний нээлтийн хуралдаанд Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди оролцож, бүс нутагт тохиолдож буй байгалийн гамшгийн талаар судалгааны хүрээлэнгүүтэй хамтран ажиллаж, гамшиг ослыг эрт мэдээлэх, урьдчилан сэргийлэх, хүн ардыг мэдээллээр хангах, эрсдэл даатгалын сан үүсгэх, зам барилгын чанарыг стандартад нийцүүлэх зэрэг 10 зүйл төлөвлөгөөг улсынхаа хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа талаар танилцуулсан байна.
Чуулга уулзалтад Азийн 39 орны төлөөлөгчид оролцож байгаагийн 34 нь сайдын төвшнийхөн юм.
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх сайд нарын хуралдааны хүндэт зочны хувиар анхны илтгэлийг тавьж, 2018 оны Азийн сайд нарын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ажиллаж байгаа талаар, мөн Монгол Улс гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Түүнчлэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Б.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын эрсдэлийн удирдлагын нэгтгэх, хэрэгжүүлэх улсын болон орон нутгийн стратеги” сэдэвт хуралдаанд илтгэл тавьж, “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хөрөнгө оруулалт” сэдэвт техникийн хуралдааныг удирдан явуулсан юм.
Мөн ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг “Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” сэдэвт сэдэвчилсэн хуралдаанд танилцуулга хийж, хуралдааныг удирдсан бол Шадар сайдын зөвлөх Л.Саянаа салбар хуралдаанд “Улаанбаатар тэргүүтэй гурван хот Гамшигт тэсвэртэй хот болох зорилтот хөтөлбөрт нэгдэн орсон” талаар илтгэл тавьж, ОБЕГ-ын БТХАГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ч.Ариунаа “Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвчилсэн хуралдаанд танилцуулга хийв.
Чуулга уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай элч Роберт Глассертай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Гурав хоног үргэлжилж буй Азийн сайд нарын энэхүү чуулга уулзалтаас Гамшгийн эрсдэлийг бууруулах Засгийн газруудын хамтарсан Шинэ Делийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн хөтөлбөр баримт бичгүүдийг гаргах юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралдааны хаалтын үйл ажиллагааг БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх удирдаж, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хааж үг хэлнэ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.