ОБЕГ-ын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Аврах тусгай анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой ирэх жил тохиох юм. Түүхт 50 жилийн ойг тохиолдуулан тус анги байгууллагын тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж анги байгууллагаа сурталчлах олон ажлыг хамт олны дунд өрнүүлэн ажиллаж байна.
Үүний нэг томоохон ажил нь “Энхийн дуудлага” уран бүтээлийн хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байгаа юм.
Хүндэтгэлийн цэнгүүн 2016 оны 11 дүгээр сарын 20-нд “UB Паласын” концертын их танхимд болох бөгөөд тус ангийн Хөгжмийн тусгай бүлгийн цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлаг, Үлээвэр найрал хөгжимтэй хамтран МУГЖ Т.Ариунаа, Э.Бүрнээбаяр, Г.Батбаяр, Харанга хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, СТА Х.Оюунбилэг, Н. Баасандорж, Э.Өлзийдэлгэр нарын олны танил уран бүтээлчид ая дуугаа өргөх юм байна.
Мөн тус ангийн “Тэнгэр” хамтлаг, Үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлч албан хаагчид оролцоно. Тасалбар 20000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд байгууллага, хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө тоглолт үзэхийг хүсвэл тус ангид хандан тасалбараа захиална гэж ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас мэдээллээ.