Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Төв аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсэгт баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.  Хангай, Хөвөсгөл Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 14-нд Алтайн уулсаар,15, 16-нд зарим газраар 14-16 м/с хүрч цасан  болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  3-8 градус хүйтэн байна.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багийн “Алтайн-Оргил” гэдэг газар малчин Б 1 хонь 2016.10.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд “Бог малын мялзан” өвчин болох нь  тогтоогдсон.Тус сумын Засаг даргын 2016.10.12-ны өдрийн А/83  дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд өвчлөл гараагүй учир 2016.11.11-ний өдрийн А/88 дугаар захирамжаар цуцалсан.    

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн “Өлийн даваа” гэдэг газар малчин Н 18 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.11.07-ны өдрийн 1082 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус сумын Засаг даргын 2018.11.07-ны өдрийн А/792 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтод тус сумын мал эмнэлэг үржлийн тасгийн 4 эмч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 4 хот айлын нийт 367 хонь өвчилснийг зориудаар устгах зааврын дагуу устгасан.

3. Объектын гал түймэр:

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо,  Дамбадаржаагийн 49 дүгээр гудамжийн 610 тоотод иргэн Ц байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.11-ний өдрийн 06:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т.Цогт  /67 настай, эрэгтэй/-ын зүүн хөлний шилбэ түлэгдсэн, угаартсан байсныг анхны тусламж үзүүлэн НЯТТТ хүлээлгэн өгсөн.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уячдын 1 дүгээр гудамжийн 32 тоотод дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.11-ний өдрийн 21:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сэйнт Жон Боска” төвийн өрөөнд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.11-ний өдрийн 12:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Баянхонгор аймгийн  Захир багийн 1 дүгээр гудамжийн 28 тоотод иргэн Э байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11:11-ний өдрийн 20:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймаг Мандал сум Баянсуудал 3-р баг Нарангийн 58 тоотод иргэн В байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.11-ний 23:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэр нь тодорхойгүй цогцос байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Шар Хөтөл”-ийн алтны уурхайд Камаз загварын 228 дугаартай экскаваторын банкны доод хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.11-ний 22:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top