Бригадын генерал Т.Бадрал “Азийн сайд нарын анхдугаар хуралдаан”-ы талаар мэдээлэл хийлээ

DSC_4231.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги салбаруудад ажиллан нийт бие бүрэлдэхүүнд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл, хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

Харин ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Онцгой байдлын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүнд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо энэ сарын 02-05-ны өдрүүдэд болсон “Азийн сайд нарын анхдугаар хуралдаан”-д Монгол Улс ямар үүрэгтэй, хэрхэн оролцсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийсэн юм.

DSC_4241

Азийн сайд нарын анхдугаар хуралдааныг зохион байгуулах ажлын хэсэгт манай улсаас  Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Л.Саянаа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын БТХАГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ч.Ариунаа нар ажилласан байна.

Тус хуралдаанд Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн салбарын оролцоо” сэдэвт хуралдаанд оролцож гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцооны талаарх Монгол Улсын туршлагаас хуваалцжээ.

DSC_4267

Мөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын эрсдэлийн удирдлагын стратегид нэгтгэх, хэрэгжүүлэх Улсын болон орон нутгийн стратеги” сэдэвт хуралдаанд илтгэл тавьж “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хөрөнгө оруулалт” сэдэвт техникийн хуралдааныг даргалсан бол Шадар сайдын зөвлөх Л.Саянаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот “Гамшигт тэсвэртэй хот болох зорилтот хөтөлбөр”-т нэгдэн орсон талаар, ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг “Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах” сэдэвт сэдэвчилсэн хуралдаан, ОБЕГ-ын БТХАГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Ч.Ариунаа “Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сэдэвчилсэн хуралдаанд тус тус илтгэл тавьсан байна.

Дэлхийн хэмжээнд Азийн тив гамшигт өртөх өндөр эрсдэлтэй бүс нутагт тооцогддог тул Азийн орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг чухалчлан үзэж Азийн сайд нарын анхдугаар хуралдааныг зохион байгуулсан. Энэхүү хуралдаанаас “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны  хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн төлөвлөгөө”, гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн дээд түвшний оролцоог хангахын тулд “Делигийн тунхаглалыг” гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Азийн бүс нутагт ирэх 15 жилд гамшгийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар баримт бичигтэй болж байгаа юм.

Монгол Улсын Онцгой байдлын албаны үйл ажиллагааг гадаадын улс орнууд үнэлдэг, мэддэг болж, хамтран ажиллах санал тавих болсныг бригадын генерал Т.Бадрал мэдээллийнхээ үеэр онцоллоо. Тухайлбал, БНАСАУ, Вьетнам, Колумба улсууд хамтран ажиллах, манай сайн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

DSC_4237

Ирэх 2018 онд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Азийн сайд нарын II бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тийм ч учраас энэ удаагийн Азийн сайд нарын анхдугаар хуралдаан манай улсын  хувьд туршлага хуримтлуулан судлахын зэрэгцээ  Монгол Улс бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт улс орныг манлайлан оролцох,  найдвартай түнш болж чадах алхмыг хэдийнэ тавьсан. Энэ бол Онцгой байдлын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа бусад салбартай харьцуулахад сайн хөгжсөнтэй холбоотой гэдгийг дурдлаа.

Мөн 2018 онд Монгол Улсад болох Азийн сайд нарын хуралдааны зохион байгуулалтад Онцгой байдлын алба голлох үүрэгтэй оролцохыг дурдаад, албан хаагчдад гадаад хэлний мэдлэгээ сайжруулахыг үүрэг болголоо. Тус олон улсын өндөр дээд түвшний хуралдааныг зохион байгуулах ажлын хэсэг ирэх 2017 оны нэгдүгээр сараас бэлтгэл ажилдаа орно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top