Улсын хэмжээнд 70 гаруй иргэний амь насыг авран хамгааллаа

tsas.jpg

SAMSUNG

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурсан бол 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар цас орж, 14-16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурсан.

Цаг агаарын энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг хүндрэл гарсан тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2016.11.13-ны өдрийн 82 дугаар тушаалаар 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хязгаарласан юм.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид цасан шуурганд төөрсөн, автомашинтайгаа цасанд суусан зэрэг иргэдийн дуудлагаар ажиллаж 70 гаруй иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

            Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн “Үнэгтийн-Үзүүр” гэдэг газар малчин Б /31 настай, эрэгтэй/   2016.11.13-ны өдрийн 15:30 цагийн үед малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баян сумын “Хэхэрийн хоолой” гэдэг газраас 1000 орчим малтай нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

            Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,  дүүргийн төвөөс 5 км зайтай “Алсын худаг” гэдэг газраас иргэн Г өглөө малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн  16:02 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид  ажиллаж тус дүүргээс 7 км зайд “Өндөр толгой” гэдэг газраас иргэн Г /45 настай, эрэгтэй/-г  500 гаруй бог малтай нь төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Мөн Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг, Санд гэдэг газраас Багахангай дүүргийн төв рүү явж байсан гурван иргэн төөрсөн, автомашины шатахуун дуусан гэсэн дуудлагыг 21:50 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:30 цагт төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг, Даац гэдэг газарт 39 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 51 настай, эрэгтэй нарыг Вонго загварын автомашины шатахуун дуусч, төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газар хүргэсэн

            Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Их мухар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 70-22 УБН улсын дугаартай “Мазда” загварын суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 08:25 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж автомашиныг татан гаргаж сумын төвд чирж авчран аюулгүй болгосон.

            Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урагш 30 км/-т иргэн Б 31-79 ДОР улсын дугаартай “Аксент” загварын автомашин эвдэрч, цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 17:16/ тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Б /70 настай эрэгтэй/, Э /40 настай эрэгтэй/, Т /21 настай эрэгтэй/, Б /20 настай эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргасан. /4 иргэн/

         Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Дэхт” гэдэг газрын орчимд иргэн Г /60 настай, эрэгтэй/ “Ниссан ипсум” загварын автомашинтай цасанд суусан дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 21:15 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид ажиллан, “Портер”  загварын 37-68 ДОР улсын дугаартай автомашинд /4 хүн/, “Ниссан ренеза” загварын 96-41 ДОА улсын дугаартай автомашинд /2 хүн/ нийт 6 иргэнийг аварч, 2 автомашиныг цаснаас татан гаргасан.

       Дорнод аймгийн Сэргэлэн сумын “Ар хоолой” багийн нутаг “Галын гол” гэдэг газaр иргэн Б /29 настай, эрэгтэй/,  А /40 настай, эрэгтэй/ нар 39-06 ДОР улсын дугаартай, Карина загварын автомашинтай цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 17:30/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид ажиллан 39-06 ДОР улсын дугаартай, Карина загварын автомашинд /2 хүн/, “Субару фростер” загварын 28-99 ДОР улсын дугаартай автомашинд /6 хүн/, “Хонда фит” загварын 48-99 ОРО улсын дугаартай автомашинд /4 хүн/, “Портер” загварын 43-74 ДОР улсын дугаартай автомашинд /5 хүн/, “Ниссан сани” загварын 39-06 ДОР улсын дугаартай автомашинд /3 хүн/ нийт 20 иргэнийг аварч, 3  автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

         Дорнод аймгийн Матад сумын Буянбадрах багийн нутаг “Очиртын говь” гэдэг газaр /аймгаас зүүн урагш 75 км-т/ нийт 5 хүнтэй “Портер” загварын автомашинтай цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13/ тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах ангийн албан хаагчид  ажиллаж “Бонго“ загварын 21-34 ДОР улсын дугаартай автомашинтай 5 хүн цасанд суусан байсныг татан гаргасан.

         Дорнод аймгийн Чойбалсан сумын “Хулстай” багийн нутаг “Танкийн саад” гэдэг газaр /аймгаас зүүн хойш 25 км-т/ нийт 18 хүнтэй, “Приус”, “Фургон” загварын автомашинууд цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 23:55/ тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж “Приус-10“ загварын 54-84 ДОА улсын дугаартай автомашинд 3 хүн, Фургон автомашинд 12 хүн, нийт 15 хүнийг аварч, 2 автомашиныг цаснаас татан гаргасан.

        Дорнод аймгийн Баянтүмэн сумын  Өлзийт багийн “Цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс хойш 10 км/-т иргэн Х-гийн автомашин эвдэрсэн, цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.14-ний өдрийн 03:50 цагт / тус аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж “Приус-20“ загварын 33-31 УБА улсын дугаартай автомашиныг татан гаргаж сумын төвд авчирч аюулгүй болгосон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top