Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад ажиллаж байна.
Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, зам арчлалт, төв суурин газрын өвөлжилтйн бэлэн байдлыг хэлэлцүүлж, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, дулааны станц, мал эмнэлэгийн албаны үйл ажиллагаа, аймгийн аюулгүйн нөөцтэй танилцаж, Эрдэнэцагаан сумын онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хийж, нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргад 21 заалт бүхий зөвлөмж өгөв.
Үүнд:
1.Эрдэнэцагаан суманд төрийн ажлын хямрал, гамшиг нүүрлэсэн байна. Төрийн албаны стандарт, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага алдагдсан байна. Иймд аймгийн хэмжээнд төрийн албаны хямралыг богино хугацаанд арилган, үйл ажиллагааг тогтворжуулах, сахилга хариуцлагыг сайжруулах;
2.Аймгийн онцгой комиссын хурал тасалсан байгууллагын дарга нартай хариуцлага тооцож ажлын хэсэгт хариу мэдэгдэх;
3.Өвөлжилтийн бэрхшээлийг даван туулахад мөнгө шаардагдахгүй чухал асуудал бол зохион байгуулалтыг сайжруулах юм. Иймд удирдах түвшний албан тушаалтнууд хандлагаа өөрчилж, харилцаа холбоогоо сайжруулж, нийтэч, шудрага, ажилсаг байх, хоорондоо мэдээлэл солилцож байх;
4.Зудын гамшгийг хохирол багатай даван туулах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулахад эрсдэлийн үнэлгээг эхний ээлжинд хийх. Эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын талаар сая та бүхэнд ярьж заасан аргачлалын дагуу эрсдэлийн үнэлгээг системтэйгээр боловсруулах;
5.Эрдэнэцагаан суманд ажиллахдаа сумын төрийн албан хаагчдад малчидтай уулзахдаа, асуулт асуухдаа хүнээ бодсон, амьдралтай, төрийн албаны стандартыг хангасан 100 асуултыг бэлтгэж, тэмдэглэл хөтөлдөг болох үүрэг өгсөн. Энэ үүргийн биелэлтэд 7 хоногийн хугацаа байгаа. Үүргийн биелэлтийг заавал ажлын хэсэгт мэдэгдэх. Энэхүү эрсдэлийн үнэлгээ нь аймгийн хэмжээний нөхцөл байдал, дүр төрхийг харуулах боломж бүрдэнэ. Иймд онцгойлон анхаарч, байгууллагууд оролцож, хамтарч хийх;
6.Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зудын гамшгийг гэтлэн давах хариу арга хэмжээний төлөвлөгөөг багийн түвшинд, сумын түвшинд, аймгийн түвшинд яаж ажиллах дарааллаар боловсруулах, эрсдэлийн үнэлгээнд дүн шинжилгээ хийж, эрсдэл бүрийн хариу арга хэмжээг төлөвлөөд ирэхээр бодит байдал бий болно. Үүнд анхаарах, хариуцах эзнийг тодорхой болгож, ажлын шаардлагыг шударагаар тавих;
7.Аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүдэд малчидтайгаа амьд харилцаа тогтоох, ойр дотно ажиллах, менежментийн, харилцааны 3 гурвалжингийн онолыг тайлбарлалаа. Үүнийг хэрэгжүүлэх, малчдад урам зориг, эрч хүч өгөх, идэвхийжүүлэх, малчдын оролцоо гэдгийг бий болгох, ямар оролцоо байх талаар асуудлыг боловсруулах;
8.Мэргэжлийн хяналтын байгууллага одоо өгөгдөж буй үүргүүдийн биелэлтэд анхаарал сайн тавьж ажиллах, ард олонд хууль тогтоомж, стандартын талаар зөвлөмж өгдөг, анхаарал тавьдаг, ярьдаг хэлдэг арга барилтайгаар өвөлжилтийг даван туулах,
9.Малчдад өгөх зөвлөмжид залуу малчдад зориулсан мал маллагаатай холбоотой асуудлыг сайн тусгах, залхууралтай тэмцэх талаар анхааруулах, ахмад малчдын ярьж байгаа асуудлыг тусгах, аймгийн бүх төр захиргааны байгууллагын удирдлага оролцох;
10.Өвлийн улирал, зудын нөхцөл байдлыг даван туулж байгаа байдал, хариу арга хэмжээний тухай баримтат бичлэг сайн хийж баримт, нотолгоо, түүхийг үлдээх, цаашдаа сургалт, сургамжид ашиглах, өвлийн улирлын хугацаа дууссан үед ажлын хэсэгт ирүүлэх ;
11.Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу тогтоосон аюулгүйн өвсний дутуу татан авалтыг ойрын хугацаанд гүйцээх
12.Албан тушаалтан бүр асуудал ярих биш, асуудлыг шийддэг байх зохион байгуулалтад анхаарах;
13.Засгийн газрын 322 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг заалт бүрээр хэрэгжилтийг хангуулах
14.Сумдын Засаг дарга нарт “Багц мессеж”-ийн нэг жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өгөх;
15.Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нар малчдын шилжилт хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулж, хамтран ажиллах, төлөвлөгөө боловсруулж, хяналт тавьж ажиллах, зэргэлдээ аймагтай мэдээлэл солилцох, харилцан ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллах, өөрсдийн тусгай журмаар хамтрах;
16.Авто тээврийн газраас зорчигчдын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч хэвших, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, хүн тээвэрлэж байгаагаа эрхэмлэх, аюул ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж аймгийн Онцгой байдлын газрын даргаар хянуулж, батлуулан ажиллах;
17.Аймгийн Засаг даргыг онцгой комиссын гишүүд, байгууллага бүр хоорондоо ажлаа уялдуулсан, бодит үнэн зөв мэдээ мэдээллээр байнга хангахыг удирдлага бүрэлдэхүүн анхаарах;
18.Улсын Их хурлын болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбогдон ажил цалгардах, эзэнгүйдэх, бусад хүндрэл гарч болзошгүй тул төрийн ажлыг яаралтай хэвийн үйл ажиллагаанд оруулах;
19.Өмнөх будлиантай асуудлаа одоо орхиод төрийн албан хаагчын стандартыг баримталж, үүргээ ухамсарлан эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй ажиллах;
20.Улсын нөөцийн салбарын харуул хамгаалалт, хашааны асуудалд ажил хариуцаж буй албан хаагч анхаарч ажиллах;
21.Аймгийн хэмжээнд сум, баг бүрээр өгөгдсөн коэфицентийн дагуу хэд хоног тэжээх өвс, тэжээлийн тооцоог гаргах.
Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллахаар мордлоо.
Зураг 1,2: Аймгийн онцгой комиссын хуралдаан
Зураг 3. Эрдэнэцагаан сумын онцгой комиссын хуралдаан
Зураг 4. Аймгийн аюулгүйн нөөцтэй танилцав
Зураг 5. Мал эмнэлэгийн албаны үйл ажиллагаатай танилцлаа