Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг Дорнод аймагт ажиллалаа

dornod1.jpg

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, эрсдэлийн үнэлгээ хийх, орон нутаг бие даан эхний ээлжийн хариу арга хэмжээ авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнхтулга нар томилогдон ажиллаж байна.

Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, зам арчлалт, төв суурин газрын бэлэн байдлыг хэлэлцүүлж, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, улсын нөөцийн салбартай танилцан, Баян-Уул, Цагаан-Овоо сумдад ажиллаж, аймгийн Засаг даргад нөхцөл байдалтай холбогдуулан 18 заалт бүхий зөвлөмж өгөв.

dornod3

Үүнд:

1.Өвөлжилтийн бэрхшээлийг даван туулахад мөнгө шаардагдахгүй чухал асуудал бол зохион байгуулалтыг сайжруулах юм. Иймд удирдах түвшний албан тушаалтнууд хандлагаа өөрчилж, харилцаа холбоогоо сайжруулж, нийтэч, шудрага, ажилсаг байх;

2.Зудын гамшгийг хохирол багатай даван туулах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулахад эрсдэлийн үнэлгээг эхний ээлжинд хийх. Эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалын талаар Цагаан-Овоо сумын удирдлагатай уулзахдаа ярьж заасан зүйлийг аймгийн удирдах бүрэлдэхүүнд мэдээлэл өгөхийг Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар анхаарч ажиллах. Эрсдэлийн үнэлгээг системтэйгээр боловсруулах;

3.Цагаан-Овоо суманд ажиллахдаа багийн Засаг дарга нарт малчидтай уулзахдаа асуулт тавихдаа хүнээ бодсон, амьдралтай, төрийн албаны стандартыг хангасан, тэмдэглэл хөтөлсөн, асуух 100 асуултыг бэлтгэх үүрэг өгсөн. Энэ үүргийн биелэлтэд 7 хоногийн хугацаа байгаа. Үүргийн биелэлтийг заавал ажлын хэсэгт мэдэгдэх. Энэхүү эрсдэлийн үнэлгээ нь аймгийн хэмжээний нөхцөл байдал, дүр төрхийг харуулах боломж бүрдэнэ. Иймд онцгойлон анхаарч, байгууллагууд оролцож хийх;

4.Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зудын гамшгийн гэтлэн давах хариу арга хэмжээний төлөвлөгөөг багийн түвшинд яаж ажиллах, сумын түвшинд яаж ажиллах, аймгийн түвшинд яаж ажиллах дарааллаар боловсруулах, эрсдэлийн үнэлгээнд дүн хийж, эрсдэл бүрийн хариу арга хэмжээг төлөвлөөд ирэхээр бодит байдал бий болно. Үүнд анхаарах, хариуцах эзнийг тодорхой болгож, ажлын шаардлагыг шудрагаар тавих;

5.Аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд малчидтайгаа амьд харилцаа тогтоох, ойр дотно ажиллах, менежментийн, харилцааны 3 гурвалжингийн онолыг тайлбарлалаа. Үүнийг хэрэгжүүлэх, малчдад урам зориг, эрч хүч өгөх, идэвхийжүүлэх, малчдын оролцоо гэдгийг бий болгох, ямар оролцоо байх талаар асуудлыг боловсруулах;

6.Мэргэжлийн хяналтын байгууллага одоо өгөгдөж буй үүргүүдийн биелэлтэд анхаарал сайн тавьж ажиллах, ард олонд хууль тогтоомж, стандартын талаар зөвлөмж өгдөг, анхаарал тавьдаг, ярьдаг хэлдэг арга барилтайгаар өвөлжилтийг даван туулах, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах;

7.Малчдад өгөх зөвлөмжид залуу малчдад зориулсан мал маллагаатай холбоотой асуудлыг сайн тусгах, ахмад малчдын ярьж байгаа асуудлыг тусгах, залуу малчдыг залхууралтай тэмцэх талаар анхааруулах, аймгийн бүх төр захиргааны байгууллагын удирдлага оролцох;

8.Өвлийн улирал, зудын нөхцөл байдлыг даван туулж байгаа байдал, хариу арга хэмжээний тухай баримтат бичлэг сайн хийж баримт, нотолгоог үлдээх, түүхийг үлдээх, цаашдаа сургалт, сургамжид ашиглах, өвлийн улирлын хугацаа дууссан үед ажлын хэсэгт ирүүлэх ;

9.Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу тогтоосон аюулгүйн өвс, тэжээлийг хангалтгүй бэлтгэсэн сумын удирдлагатай хариуцлага тооцох, албан тушаалтан бүр асуудал ярих биш, асуудлыг шийддэг байх зохион байгуулалтад анхаарах;

10.Засгийн газрын 322 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг заалт бүрээр нарийвчилан гаргах, аймгийн Засаг даргаар батлуулах

11.Сумдын Засаг дарга нарт “Багц мессеж”-ийн нэг жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өгөх;

12.Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нар малчдын шилжилт хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулж, хамтран ажиллах,  төлөвлөгөө боловсруулж, хяналт тавьж ажиллах, зэргэлдээ аймагтай мэдээлэл солилцох, харилцан ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллах, өөрсдийн тусгай журмаар хамтрах;

13.Авто тээврийн газраас зорчигчдын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч хэвших, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, хүн тээвэрлэж байгаагаа эрхэмлэх, аюул ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж аймгийн Онцгой байдлын газрын даргаар хянуулж, батлуулан ажиллах;

14.Аймгийн Засаг даргыг онцгой комиссын гишүүд, байгууллага бүр хоорондоо ажлаа уялдуулсан, бодит үнэн зөв мэдээ мэдээллээр байнга хангахыг удирдлага бүрэлдэхүүн анхаарах;

15.Өвлийг өнтэй даван туулах олон нийтийн аян, арга хэмжээ өрнүүлэх;

16.2016 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдах, гэнэтийн онцгой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл өгөх;

17.Улсын Их хурлын болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбогдон ажил цалгардах, эзэнгүйдэх, бусад хүндрэл гарч болзошгүй тул төрийн ажлыг яаралтай хэвийн үйл ажиллагаанд оруулах;

  1. Аймгийн хэмжээнд сум, баг бүрээр өгөгдсөн коэфицентийн дагуу хэд хоног тэжээх өвс, тэжээлийн тооцоог гаргах.

Ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллахаар мордлоо.

dornod 2

dornod 5 dornod 4

scroll to top