Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2016 оны 3 дугаар тушаалаар 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгуудын Онцгой комисст үүрэг чиглэл өгч, зарим тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий УОК-ын Шуурхай бүлэг энэ сарын 15-ны өдрөөс орон нутагт ажиллаж байгаа билээ.
Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, зүүн болон говийн бүсийн 8 аймагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Шуурхай бүлгүүд ажиллаж байна.
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсгийнхэн бямба гарагт Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын нутгаар ажиллав.
Дээрх сумдад 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болжээ. Цасны зузаан тал газраа 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газраа 50-70 см байна.
Ховд аймгийн Цэцэг, Мөст сумын заагт орших 50 км гаруй үргэлжилсэн Барлагийн даваа цасанд боогдсоныг нээхээр “Алтайн зам” ХХК-ийн 11 ажилтан ковш, цас зөөх “Хова” маркийн ачааны машин, автогрейдер зэрэг нийт гурван техник хэрэгсэлтэйгээр 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр өдөр ажиллаж давааг нээлээ.
“Алтайн зам” компани энэ өвөл нийт 300 гаруй тн давс нөөцөлснөөс Барлагийн давааны цасанд боогдсон замыг нээхэд 100 тонн давс хэрэглээд байна.
Уг даваагаар Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу хилээр нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүд ихээр зорчдог ч их цаснаас шалтгаалан сүүлийн 3-4 хоногт тээвэрлэлт бүрэн зогсчээ.
Харин Ховд аймгийн ихэнх суманд өнгөрсөн 8 дугаар сард гарсан мал, амьтны гоц халдварт мялзан өвчний улмаас тогтоогоод байсан хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг 11 дүгээр сарын 15-ний өдөр цуцалснаар бусад сумын нутагт оторлож байсан малчдын нутаг руугаа буцах нүүдэл тасраагүй байна.
Цасанд хаагдсан Барлагийн давааг нээснээр Алтай, Булган зэрэг бусад сумдад отроор өвөлжиж байсан малчид Цэцэг, Мөст сум руу отор нүүдэл хийх, Булган-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон бусад тээврийн хэрэгслүүд чөлөөтэй зорчиж эхэллээ.
Энэ үеэр Алтай суманд оторлож байгаад Цэцэг сум руугаа нүүдэллэж яваа тус сумын иргэн, “Аймгийн сайн малчин” Ц.Батмөнхтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр,
“Би Цэцэг сумын уугуул, Алтай сум руу зургадугаар сард оторт гарсан. Уг нь тэндээ өвөлжих санаатай байсан ч мал, амьтны гоц халдварт мялзан өвчин гарснаас нэлээд удлаа. Одоо харин хорио цээр тавигдаж, мөн цас их орсны улмаас нутаг руугаа буцаж нүүдэллэж явна. Сая хүүхдүүд маань гэрийнхээ ачаа барааг “УАЗ-69”-т ачаалаад хөдөллөө.
Би хошоо (нүүдэл суудлын үед ханыг нь багасгаж барьсан бага гэр) ганцаараа барьж дуусгаад, хүргэн хүүгээ хүлээж сууна. Манайх 1000 гаруй малтай. Ишиг, хурганы маань хэвлий хэсгээр наалдсан цас шөнөдөө хөлдсөнөөс жаахан хүндхэн л байна.
Сая зам, даваа нээгдэж байгаа сурагтай, маргаашнаас сум орчих байх, энэ хавцал ирвэс, чоно ихтэй учраас малаа сайн манахгүй бол болохгүй” гэж хуучиллаа.
Ингээд Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Шуурхай бүлэг Ховд аймгийн Булган сумыг зорих үед орон нутгийн замд анхаарал болгоомжгүй явснаас болж осолдсон автомашинтай тааралдсан юм. Азаар хүн нь хүнд гэмтээгүй, 10 гаруй км газар өвөлжиж буй айлд эсэн мэнд очсон байлаа.
Ховд аймгийн Булган сумын 70 хувь нь торгууд үндэстэн, 30 хувь нь казах үндэстнээс бүрддэг, 9500 гаруй хүн амтай, Улаанбаатар хотоос 1580 км, Ховд аймгаас 380 гаруй км алслагдсан, БНХАУ-ын Шинжань Уйгарын өөртөө засах орны Алтай аймагтай хил залгаа оршдог сум юм. Хилээр монголын талаас нүүрс ихээр тээвэрлэдэг бол хятадын талаас барилгын материал, хүнс, ахуйн хэрэглээний бараа материалыг импортолдог байна.
Ховд аймгийн Булган, Үенч сумд хадлан сайн бэлтгэдэг онцлогтой. Тухайлбал, энэ жил Булган сумын малчид 23000 тн, Үенч сумынхан 5500 тн, Алтай сумын малчид 1600 тн байгалийн хадланг тус тус бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч Булган сумын Баянгол багт 39 өрхийн 84 хүн, 29900 толгой мал, Баянсудал багт 17 өрхийн 39 хүн, 13690 толгой мал, Байтаг багт 31 өрхийн 100 хүн, 32249 толгой мал, Алагтолгой багт 9 өрхийн 27 хүн, 11500 мал буюу нийт 96 өрхийн 250 хүн ам, 87,339 толгой мал одоогоор хүндрэлтэй бүсэд өвөлжиж байна.
Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар өнөөдөр (ням гариг) Булган, Үенч, Алтай сумд болон Ховд хотод ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай бүлгээс мэдээллээ.