Цасанд саатсан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

14790877715829169b08559.jpg

Манай орны ихэнх нутгаар цас их орсонтой холбогдуулан иргэдээс төөрсөн, цасанд автомашинтайгаа суусан, саатсан гэсэн дуудлага ихсэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Бор гүвээ багийн суугч иргэн Б.Билгүүнбаяр /18 настай, эрэгтэй/ үхэртээ яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.20 -ны өдрийн 18.55 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, 2016.11.20-ны өдрийн 19:30 цагт “Охинды” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын хажууд автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.11.20-ны өдрийн 16:00 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Тулгын 44-78 НАА улсын дугаартай “Примо” загварын автомашиныг татан гаргасан байна.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Шавартын ам” гэдэг газар автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.11.20-ны өдрийн 20:27 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О.Гантулгын 25-05 УНТ улсын дугаартай “Митцубиши” загварын автомашин тус тус цасанд суусан байсныг татан гаргаж аюулгүй болгов.

Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг Цагаан эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашинууд бинзен дууссан, цас орсны улмаас Богосын даваа хаагдсан гэсэн мэдээг 2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 11 цаг 40 минутанд Ховд аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

Уг мэдээний дагуу Цэцэг сумын Хөшөөтийн уурхайны МОН-ЭКО ХХК-ны цасанд туулах чадвартай ПРАДО 77 маркийн автомашиныг гаргаж , Цэцэг сумын 11 иргэн, 2 автомашин, Мөст сумын 5 иргэн, 1 автомашинтайгаар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 06 цаг 25 минутанд явсан.
Мөн Ховд аймгийн Цэргийн хэлтсийн даргаар ахлуулсан 3 хүн, Е45035 дугаартай ЮУНИМОГ маркийн 1 автомашинтай Цэцэг сумын Баян-овоо багийн Цагаан эрэг гэдэг газар луу Ховд аймгийн төвөөс явсан.
Хувиараа чулуу олборлож байсан дээрхи 60 иргэн Цэцэг сумын Баян-овоо багийн нутаг, Цагаан эрэг гэдэг газарт өөрсдийн байрлаж байсан газраа буцаж очсон байгаа гэж орон нутгаас мэдээллээ.

Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн Улаагчийн даваа, Улаан хус багийн Хавцал гэдэг газруудад цасанд боогдсон зам давааг нээх, сумын төвд шатахуун, эм тариа хүргэх ажлаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, ЗХ-ний 340 дүгээр ангиас туулах чадвар сайтай 1 автомашин, “Рысжан” ХХК-ийн ЗИЛ-131 загварын автомашин, нийт 10 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2016.11.20-ны өдрийн 18:15 цагт хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top