Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах, сургалт, аргазүйн төвийн үйл ажиллагаатай танилцав

DSC_5352.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төрийн тэргүүнийг сургалт, арга зүйн төвд хүрэлцэн ирэхэд Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн жагсч, хурандаа Н.Уламбаяр илтгэл өгч, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал угтан авав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус төвийн Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх танхим, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кинотеатр зэрэгтэй танилцсан юм.

DSC_5263

Нийслэлийн Засаг даргын 2014-2015 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа юм байна. Тус төвд болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талын мэдлэг, дадлыг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад олгож, сургалт, дадлагад хамруулдаг болж байгаа аж.

Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн объектыг орхиж аюулгүй орчинд хүрэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж яаж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн нэн түрүүнд мэдэх шаардлагатай мэдлэг, дадлыг тус сургалтын төвд олгох юм байна.

DSC_5225

Дадлага явуулдаг өрөө, танхимууд нь газар хөдлөлтийн доргилт, чичирхийллийг мэдрүүлэх, утаат орчинд ажиллах, саад бартаа давж туулах, хананд авирах зэрэг тусгай тоноглолтой бөгөөд үзвэрийн 3D бичил кинотеатрт гамшиг ослын талаар баримтат кино зэргийг үзүүлж, аюулын үед хэрхэн ажиллаж байгааг бодит байдлаар харуулдаг ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тус төвтэй танилцах үед ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид дадлага хийж байсан юм.

Газар хөдлөлтийн танхимд 8 баллын чичирхийллийг биеэр мэдрэх боломжтойг харууллаа. Тус танхимыг БНХАУ-ын Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгсэл суурилуулсан байна.

DSC_5240

Өндрөөс аврах үйл ажиллагааны танхимд 15-аас дээш насны хүүхэд хаданд авирах, олсоор буух зэрэг дадлага хийх бололцоотой юм. Мөн 5-8 насны хүүхдүүд өөрт таарсан бартаа саадыг даван туулж байгааг биетээр үзүүллээ. Утаат орчны дадлага хийх танхимд гал гарч утаа бүрхсэн нөхцөлд хэрхэн аюулгүй байдлаа хангах, утаат орчноос зайлах, хорт хий, утаанаас хамгаалах баг өмсөх зэргээс гадна галын хорыг зөв сонгон хэрэглэж гал унтраах дадлага хийдэг юм байна.

CC4O7968

Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхимд сурагчид биет үзүүлэнгүүд дээр хиймэл амьсгал хийх, судас, булчин тариа хийх, ил, далд шарх боох, цус алдалт зогсоох, хугарсан, мултарсан үе, мөчинд чиг тавьж боох зэрэг энгийн үед ч амьдралд хэрэг болохоор дадал эзэмшиж байна.

Энэ бүхнийг үзэж танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхний амгаланг айлтгая.

Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан. Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм.

Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг. Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа. Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байгаа.

Энэ талаар УИХ-д мэдээлэл хийсэн. Жил бүрийн 1 дүгээр сард бүх байгууллагуудаас мэдээлэл авдаг.

Энд хэлэх гэсэн хамгийн гол хоёр зүйл байна.

Аливаа төрийн хамгийн гол үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, мэдээлэл өгөхөд оршдог. Тийм учраас Улаанбаатараас эхлээд ийм төвүүдийг байгуулъя. Цаашдаа Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүдэд ийм төвүүдийг байгуулъя.

Хамгийн гол нь байгалийн гамшгийг тойрч гарах ямар ч боломжгүй. Үүнийг зогсоох боломжгүй. Жишээ нь, газар хөдлөлийг зогсоосон орон хаана ч байхгүй.

Яавал бага хохиролтой гарах вэ? Бэлтгэлтэй л байвал бага хохиролтой гардаг. Хүмүүс нь мэдэж байвал бага хохиролтой гардаг. Жишээ нь, Япон Улсад газар хөдлөлт болоход бие биеэ аварсан хэмжээ нь гэвэл хажуу хөршөө аварсан нь 80 хувьд хүрч байсан. Нэг үгээр хэлбэл, хүн өөрөө амьд гараад, хажуудах хүмүүсээ аварч чадах юм бол 80 хувийг аварч чаддаг. Хамгаалагч, төр, бусад газрыг хүлээх ямар ч боломжгүй үед ийм байгаа.

Яг өнөөдрийнх шиг ийм хүйтэнд, өвлийн улиралд, Монголд, Улаанбаатарт газар хөдөлбөл яах вэ?

Энэ бол жинхэнэ гамшиг болно. Ийм нөхцөлд бид бэлтгэлтэй байх ёстой гэсэн үүднээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд албан байгууллагуудад бүгдэд нь газар хөдлөлтийн тухай, гамшгийн тухай мэдээллийг тарааж, хүргэж байгаа.

Хэвлэл, мэдээллийнхэн үүн дээр маш идэвхтэй ажилладаг байгаасай. Тухайн хугацаанд, энэ талаар ард иргэдэд мэдээлэл түгээдэг байгаасай гэж бодож байгаа. Бид мэдээлэлтэй, бэлтгэлтэй байх юм бол бага хохирно. Түүний үр дагаврыг арилгахад маш их ажил болдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар хөдлөлтийн аюул ойрхон зүйл.

Зөвхөн бэлтгэл, сургуулилтаар энэ бүхэн дуусаасай гэж бид үргэлж залбирч байгаа. Гэхдээ үүнд манай нийт иргэд бэлтгэлтэй байх ёстой. Энэ бэлтгэлийг хангахын тулд хийж байгаа хөрөнгө оруулалт, ажил бол нийслэлийн Гамшгаас хамгаалах газар дээр байрласан Сургалтын төв юм.

Иргэд, хүүхдүүд, сургууль цэцэрлэгийнхэн энд ирээд нэг удаа сургалт хийгээд гарахад амьдралынхаа турш өөрийгөө аваад явах мэдлэгтэй болох юм шүү гэдгийг хэлье. Баярлалаа” гэлээ.

DSC_5299

DSC_5255CC4O7974DSC_5276DSC_5250DSC_5357

scroll to top