Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа

1-4.jpg

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, зам арчлалт, төв суурин газрын өвөлжилтийн бэлэн байдлыг хэлэлцүүлж, Цогтцэций суманд ажиллаж, Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт “Хонины цэцэг” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргад 14 заалт бүхий зөвлөмж өгөв.

Үүнд:

1.Ус, цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвийн байдалд дүгнэлт хийхэд Өмнөговь аймагт унах тунадасны хэмжээ харьцангуй олон жилийн дундажийн орчим, харин хүйтрэлт нэмэгдэж болзошгүй тул онцгой комиссын гишүүдийг сумдад томилж өвөлжилтийн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийх. Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хариу арга хэмжээг заалт бүрээр гаргаж, хариуцах эзнийг зааж, хэрэгжилтийн хойноос хөөцөлдөж ажиллах. Аймгийн Засаг дарга эрсдэлийн үнэлгээнд дүгнэлт хийгээд, тактик арга ажиллагаагаа боловсруулаад, тусламжаа эрэмблээд, менежмент, зохицуулалтаар хангаад ажиллах;

2.Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Цагдаагийн байгууллага эрсдэлийн үнэлгээнд оруулах асуудлаа нарийвчлан тусгаж, системтэйгээр боловсруулах шаардлагатай байна. Сумдад эрсдэлийн үнэлгээ хийхэд ашиглагдах 100 асуултыг боловсруулах үүрэг өгөөд явж байгаа. Энэ үүргийн биелэлт эхнээсээ ирж байна. Энэ асуултыг гаргаад эрсдэлээ үнэлээд ирэхээр аймгийн хэмжээний нөхцөл байдал, дүр төрх, хийж хэрэгжүүлэх ажлын ерөнхий зураглал гарна.

3.Аймгийн өвөлжилтийг эрсдэл багатай даван туулах бэлэн байдлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргын орлогч хариуцаж, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний төлөвлөгөөг багийн, сумын, аймгийн түвшинд яаж ажиллах дарааллаар боловсруулах, эрсдэлийн үнэлгээнд дүн шинжилгээ хийж, эрсдэл бүрийн хариу арга хэмжээг төлөвлөөд ирэхээр бодит байдал бий болно. Иймд онцгой анхаарч ажиллах;

4.Аймгийн онцгой комиссын гишүүдийг суманд, малчны хотонд ажиллуулах шаардлагатай байна. Аймгийн удирдах албан тушаалтнууд малчны хотонд очоод хийж хэрэгжүүлж буй ажил, төрлөө танилцуулж, соён гэгээрүүлэх ажлыг хийх шаардлагатай байна. Иймд залуу малчдад өгөх мал маллагааны зөвлөмжийг бэлтгэн, тараах, зөвлөмжөөр хангах;

5.Малчдын оролцоог нэмэгдүүлэх талаар аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд малчидтайгаа амьд харилцаа тогтоож, ойр дотно ажиллах, иргэн хүнийх нь хүлээх үүрэг хариуцлагыг нь хэлж ойлгуулах шаардлагатай байна. Иймд одоо малчидтайгаа ярилц, хатуу сануулга өгч, хариуцлагыг нь нэмэгдүүлж ажиллах, малчдын оролцоо гэдгийг бий болгох, ямар оролцоо байх талаар асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх, малчдад урам зориг, эрч хүч өгөх, идэвхийжүүлэх;

6.Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар хамтран малчдын шилжилт хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулж, хамтран ажиллах,  төлөвлөгөө боловсруулж, хяналт тавьж ажиллах, зэргэлдээ аймагтай мэдээлэл солилцох, харилцан ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллах, өөрсдийн тусгай журмаар хамтрах;

7.Хонины цэцэг өвчний голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын албан хаагч нар үүргээ сайн биелүүлж байна. Иймд эдгээр албан хаагчдыг аймгийн Засаг даргын зүгээс урамшуулал өгөх;

8.Цогтцэций суманд ажиллалаа. Сумын түвшинд ажлаа өгөхийг хүлээсэн Засаг дарга байна. Төрийн албаны үйл ажиллагааг тогтворжуулахад анхаарах, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг сайжруулах;

9.Засгийн газрын 322 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг дахиж шинээр боловсруулах, заалт бүрээр нарийвчилан гаргах, хариуцах эзнийг заах, хэрэгжилтийг хангуулах, хойноос хөөцөлдөх, үр дүнд анхаарах;

10.Аймаг, сумын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх асуудалд анхаарах;

11.Сумдын Засаг дарга нарт “Багц мессеж”-ийн нэг жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өгөх;

12.Аймгийн хэмжээнд сум, баг бүрээр өгөгдсөн коэфицентийн дагуу хэд хоног тэжээх өвс, тэжээлийн тооцоог гаргах;

13.Мэргэжлийн хяналтын байгууллага одоо өгөгдөж буй үүргүүдийн биелэлтэд анхаарал сайн тавьж ажиллах, ард олонд хууль тогтоомж, стандартын талаар зөвлөмж өгдөг, анхаарал тавьдаг, ярьдаг хэлдэг арга барилтайгаар өвөлжилтийг даван туулах;

14.Авто тээврийн газраас зорчигчдын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч хэвших, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, хүн тээвэрлэж байгаагаа эрхэмлэх, аюул ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж аймгийн Онцгой байдлын газрын даргаар хянуулж, батлуулан ажиллах.

Ажлын хэсэг Дундговь аймагт ажиллахаар мордлоо.

Зураг 1,2: Аймгийн онцгой комиссын хуралдаан

12

Зураг 3. Дэлгэрэх сумын Бумбат багийн нутагт “Хонины цэцэг” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмтэй танилцав

3

Зураг 4. Улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа

4

 

 

scroll to top