Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан УОК-ын “Шуурхай бүлэг 1” 2016 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Түргэн, Наранбулаг, Цагаанхайрхан сум болон Улаангом хотод ажиллав.
Увс аймгийн 19 сумаас 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Баруунтуруун, Малчин, Хяргас 3 сумдын ихэнх нутаг “цагаан зуд”-тай, Давст, Түргэн, Тэс, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховд, Зүүнхангай, Зүүнговь, Наранбулаг, Сагил, Тариалан, Улаангом 12 сум “цагаанаар зудархуу”, бусад суманд өвөлжилт хэвийн байна. Уулархаг нутгаар буюу Сагил, Баруунтуруун, Малчин, Түргэн, Хяргас суманд 20-38 см, гуу жалга, хунгарласан газартаа 40-80 см цасан бүрхүүл тогтож, ойрын өдрүүдэд нийт нутгаар агаарт -15-27 хэм, хөрсөн дээр -17-29 хэм хүйтэн хонож байна.
Энэ жил аймгийн хэмжээнд 92 багийн 10047 өрхөд хонин толгойд шилжүүлснээр нийт 3,9 сая мал өвөлжиж байна. Харин улсын тусгай хамгаалалтай бүс нутагт 546 өрхийн 204.2 мянган толгой мал, хилийн зурвас газарт 1136 өрхийн 356,0 мянган толгой мал өвөлжихөөр зохион байгуулалт хийгджээ.
Өвс, тэжээлийн тухайд 2016 онд малчид болон мал бүхий иргэд 47657 тонн өвс, 1310 тонн гар тэжээл, 5787 тонн хужир шүү бэлтгэсэн. Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнд 366,2 тонн өвс, сумдын аюулгүйн нөөцөнд 486,0 тонн өвс, 134,8 тонн тэжээл бэлтгэсэн нь өвсний бэлтгэлт 59.9 хувь, тэжээл 21.5 хувийн биелэлттэй байна.
Энэ өвөл аймгийн хэмжээнд нийт 44 трактор, 23 чиргүүл, 11 хүнд даацын автомашин, 5 ковш, 1 бульдозер, 7 далпууг зам, давааг байнгын нээлттэй байлгах ажлын хүрээнд бэлэн байдалд ажиллуулж байна.
Аймгийн хэмжээнд “Увс-Дулааны станц” 25 хоногийн, “Увс-Дулааны станц-2” 70 хоногийн тус тус нүүрсний нөөцтэй.
Өвөлжилт хүндэрч эхэлсэн Баруунтуруун, Малчин, Хяргас сумдын зам, давааг байнгын нээлттэй байлгах ажлыг аймгийн Онцгой комисс анхааралдаа аваад байна.
Мөн цас ихтэй газруудад өвөлжиж буй 5191 өрхөд амьдарч буй 400 жирэмсэн эх, 3145 бага насны хүүхэд, 914 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 450 нэн ядуу өрхийн судалгааг шинэчлэн гаргажээ.
Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын хурлыг 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21.00 цагт Увс аймгийн Улаангом хотод хуралдуулж, холбогдох үүрэг даалгаврыг өгчээ. Тухайлбал, аймгийн хэмжээнд тохиолдсон гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох зардлуудыг эхний ээлжинд аймгийн Засаг даргын нөөц сан, Онцгой комиссын хүрээнд шийдвэрлэх, нөөц хөрөнгө дууссан тохиолдолд холбогдох санхүүгийн баримтуудыг дүрэм, журамд заасны дагуу сайтар бүрдүүлж хэвших, цасанд хаагддаг зам, давааг нээх зориулалттай ковш, бусад техник хэрэгслийн шатахууны нөөцийг бэлтгэх, аймгийн Эрүүл мэндийн газар ажлын хариуцлагаа дээшлүүлж, эм, эм тарианы нөөц бүрдүүлэх, бусад тулгамдсан асуудлуудыг аймгийн Онцгой комиссын хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо гэж Улсын онцгой комиссын Шуурхай бүлгээс мэдээлэв.