Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал- үндэсний бодлогын чуулган өнөөдөр Чингис зочид буудалд эхэлж байна.
Чуулганы нээльийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Л.Саянаа, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Орлогч Суурин төлөөлөгч Д.Гаспарикова, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин төлөөлөгч Жүдит Бруно, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Дорона Жавиер нарын зочид, төлөөлөгчид оролцлоо.
Дэлхий нийтэд түгээмэл тохиолддог аюулт үзэгдэл, ослоос манай оронд ган, зуд, цасан болон шороон шуурга, аянга цахилгаан, аадар бороо, үер, обьектын болон ой, хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, усны осол, техникийн холбогдолтой осол зэрэг аюулт үзэгдэл, осол нийтлэг тохиолддог. Эдгээр аюулт үзэгдэл, осолд өртөгсдийн 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна.
Улсын Их хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл орчинд суралцах нөхцлийг бүрдүүлэх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд аюулгүй амьдрах ухааны сургалтыг нэвтрүүлэх, сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл суралцах орчин болгох, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, эрүүл амьдрах чадварт сургах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 852 цэцэрлэгт 208 мянга гаруй хүүхэд, 655 сургуульд 534,6 мянган суралцагч, 457 дотуур байранд 33 мянга гаруй суралцагч амьдарч боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
Эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул, санамсар болгоомжгүй байдлаас үүдэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд 230 гаруй хүүхэд бэртэж гэмтэн, 500 гаруй хүүхэд амь насаа алджээ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд 2-18 насны хүүхдүүд хамрагддаг онцгой салбар болохын хувьд гамшиг, ослын үед боловсролын салбарын бэлэн байдлыг хангах, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа юм.
Тийм ч учраас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал-үндэсний бодлогын чуулганы гол зорилго цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих аюулгүй орчин бүрдүүлэх, улмаар газар хөдлөлт зэрэг аюул, ослын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, сургуулиудын аюулгүй байдлыг бүрдүүлсэн туршлагуудтай танилцаж, цаашид нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлоход чиглэгдэж байна.
Чуулганд аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлага, төсөл хэрэгжүүлсэн зорилтот сургуулиудын төлөөлөл, сургуулийн аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын 170 гаруй төлөөлөл оролцож байна. Чуулган маргааш өндөрлөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.