У.Хүрэлсүх: Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох хөдөлгөөнийг эхлүүллээ

DSC_5308.jpg

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн  “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарт хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний амгаланг айлтгая.

Гурван өдрийн өмнө буюу 12-р сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум орчмын нутаг дэвсгэрт 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт 31 удаа болсон талаар тухайн өдөр аймгийн Онцгой байдлын газраас надад шуурхай мэдэгдсэн юм.

Тэр өдөр Цогтцэций сумын Онцгой комиссын хурлын шийдвэрээр тус сумын мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллага, ард иргэдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, уул уурхайн компануудын үйл ажиллагааг зогсоожээ.

Ингэхдээ:

  • сумын цахилгааныг хязгаарлаж,
  • ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 82 хүүхдийг “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн гэр кемпэд шилжүүлж,
  • Цагаан-Овоо багийн “Цэций хороолол”-ын 11-р байрны 550 өрхийн 1,100 иргэнийг “Уурхайчин гэр хороолол”-д байрлуулж,
  • сумын эмнэлгийн 31 өвчтөнийг ар гэрт нь нүүлгэн шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Манай улсад он гарсанаас хойш Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тохиосон газар хөдлөлтийг оруулан, нийтдээ 1,260 удаа газар хөдөлсөн нь бид бүхэнд маш том дохио санамжийг өгч байна. Мөн түүнчлэн манай улсын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхи ямар төвшинд байгааг шалгаж байгаа хэрэг бөгөөд газар хөдлөлт нэгэнт болсон тохиолдолд манай ард иргэд бэлэн байгаа эсэхэд бодит дүгнэлт хийх зайлшгүй шаардлага байгааг анхааруулж байна хэмээн үзэж байна.

Иймээс:

  • Монгол Улсын Шадар сайдын ажлын алба,
  • Засгийн газрын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын үйл ажиллагаатай зөвлөл,
  • Онцгой байдлын ерөнхий газраас

“Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт Үндэсний семинарыг зохион байгуулж байна.

Дэлхий нийтэд бүртгэлтэй байгалийн гамшиг болон үйлдвэрлэлийн ослын 40 гаруй төрлөөс газар хөдлөлт нь хамгийн богино хугацаанд явагддаг, хамгийн их хохирол, сөрөг үр дагавар учруулдаг гамшиг юм.

Тухайлбал:

  • 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлт 250 мянган хүний аминд хүрсэн.
  • 2008 оны Хятадын Сычуаны газар хөдлөлт 87 мянган хүний амь насыг хохироосон.
  • 2010 оны Гаитигийн газар хөдлөлтөд 200 мянган хүн амь үрэгдсэн.
  • Зүүн Японы 2011 оны газар хөдлөлт, цунами, цөмийн ослоос 20 мянган хүн нас барсан.
  • 2015 оны Непалын газар хөдлөлт 8,700 хүний амь насанд хүрсэн зэрэг

тоо баримт нь байгалийн гамшгийн өмнө хүн төрөлхтөний хүч  мөхөсдөж байгааг  харуулж байна.

Хамгийн аймшигтай нь газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн 30 гаруй хувь нь өдрийн цагаар сургууль, цэцэрлэгийн байранд хичээллэж байсан хүүхдүүд, эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөнүүд байсан явдал юм.

Тиймээс өнөөдрийн семинарт Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, эмнэлэг, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын удирдах албан тушаалтан, 21 аймгийн боловсролын газрын удирдлагуудыг оролцуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ц.Элбэгдорж 2010 оны 1-р сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, үндэсний газар хөдлөлтийн бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн. Түүнчлэн

  • газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх,
  • хот байгуулалт, төлөвлөлтийг боловсронгуй болгох,
  • салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах үүрэг даалгавар өгсөн.

Түүнээс хойш газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөлт, бэлтгэл, газар хөдлөлтийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэг, хариу арга хэмжээ авах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Тухайлбал:

– Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор:

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, ард иргэдийн ба улс орны бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Засгийн газрын байнгын ажиллагаатай зөвлөл байгуулан ажиллаж байна.

– Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Барилгын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, тэдгээртэй холбогдох дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулсан.

– Нийслэл Улаанбаатар хот болон 12 аймгийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтлыг нарийвчлан судалж, газар хөдлөлтийн зураглалыг шинэчилж байна.

– Монгол Улсын Засгийн газраас 2011 онд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” болон “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг батлан гаргалаа.

– Онцгой байдлын ерөнхий газарт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг олон нийтэд хүргэх олон улсын жишигт нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем”-ийг байгуулсан. Энэхүү системийг цаашид төвлөрсөн хот суурин газарт байгуулах, нэгдсэн сүлжээнд холбох төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

– 2011 оноос эхлэн Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар зохион байгуулж хэвшсэн ба хамрагдах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.

– Газар хөдлөлтийн гамшгийн нэгдсэн төлөвлөгөөнд 2015 онд тодотгол хийж, Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө болгон Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөө батлагдснаар гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоог хангах, үүрэг хариуцлагыг тодорхой болгох боломж бүрдлээ.

– Саяхан улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын жишигт нийцсэн Олон нийтийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийг нээж, хүүхэд залуучууд, иргэдэд газар хөдлөлт, гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг, дадал олгох боломжийг бий болголоо.

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чиглэлээр олон ажил хийгдэж, тодорхой үр дүн гарч байгаа ч цаашид түлхүү анхаарч, үйл ажиллагаагаа  эрчимжүүлэх, шийдлээ хүлээсэн хэд хэдэн асуудал бидний өмнө тавигдаж байна.

Учир нь Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлтийн тоо, давтамж жил бүр өсөж байна. Жилд дунджаар 30 мянга орчим газар хөдлөлт бүртгэгдэж, түүнээс 60 орчим хувь нь 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт байна.

Томоохон хотуудад хүн амын төвлөрөл ихсэж, барилгажилтын нягтрал нэмэгдэж, ихэнх барилга хуучирсан, шинэ барилгууд нь норм стандартыг хангаж чадахгүй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл болж байна.

Иймд:

  1. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн зориулалттай барилга байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар, аюулгүй байдал бүрэн хангагдаагүй байгаа нь тэдгээрт дахин үнэлгээ хийх, шалгаж паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгыг буулган дахин төлөвлөх, хүчитгэх,
  2. Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудын суралцах орчин сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах,
  3. Хүүхэд залуучуудад гамшгаас хамгаалах мэдлэг боловсрол, дадал зуршил эзэмшүүлэх насан туршийн боловсролыг олгох,
  4. Аюулгүй эмнэлэгийн орчин бүрдүүлэх,
  5. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх болон газар хөдлөлтийн үед гамшгаас хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах

зэрэг зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажилд та бүгдийн анхаарлыг хандуулж, бүгдээрээ хамтран шийдэх, хэрэгжүүлэх зорилготойгоор бидний өнөөдрийн семинар зохион байгуулагдаж байгааг цохон тэмдэглэмээр байна.

Та бүхэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, эрүүл мэндийн болон олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаал хашдаг хүмүүс байна.

Тиймээс өөрийн байгууллага дээр хүүхэд, залуучууд, өвчтөн, багш, сурган хүмүүжүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хариуцан ажиллах үүрэг хүлээсэн албан тушаалтан гэдгээ ухамсарлан, байнга санаж ажиллах хэрэгтэй.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө:

Өнөөдрөөс эхлэн Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газраас “Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” хөдөлгөөнийг:

  • НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан,соёлын байгууллага,
  • НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран хэрэгжүүлж эхэлж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

Энэхүү хөдөлгөөнийг эхний ээлжинд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд хэрэгжүүлнэ.

Үүнд Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын байгууллагуудын оролцоотойгоор:

  • барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэртэй байдалд үнэлгээ хийх,
  • байгууллага бүрт газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах дадал мэдлэг олгох сургалт хийх зэрэг үйл ажиллагааг төлөвлөгөөт хуваарийн дагуу 2017 онд багтаан хэрэгжүүлэх болно. Цаашид уг хөдөлгөөнд улсын бүх байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна.

Иймээс “Газар хөдлөлтөнд тэсвэртэй аюулгүй орчин бий болгох” хөдөлгөөнд идэвхитэй оролцож, хүүхэд залуучууд, өвчтөнүүд, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хариуцлагатай хангаж ажиллахыг Та бүхэнд уриалж байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны 7-р сард Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулна.

Азийн сайд нарын бага хурал нь гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлогын шийдвэр гаргадаг бүс нутгийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн 60 орчим улс орон, 20 гаруй олон улсын ба бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.

Уг бага хурлын үеэр:

  • НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци,
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны цар хүрээ

зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хэлэлцэж, бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцах юм.

Уг арга хэмжээг зохион байгуулах нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого нь бүс нутгийн хэмжээнд хэрхэн хэрэгжиж байгааг бусад улс орнуудад харуулах, туршлага сургамжаасаа хуваалцах нэг боломж гэж харж байна.

Энэхүү семинарыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар болон НҮБ-ын Хүн амын санд талархал илэрхийлье.

Мөн

  • НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан,соёлын байгууллага,
  • Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг,
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,
  • БНХАУ-ын Иргэний хэргийн яамны харьяа Гамшиг бууруулах ба онцгой байдлын удирдлагын академийн төлөөлөгч нарт манай семинарт оролцож илтгэл тавьж байгаад талархал илэрхийлж байна.

Та бүхнийг семинарын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, газар хөдлөлтийн талаар олж авсан мэдлэгээ цааш түгээн, тодорхой ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье.

scroll to top