Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар “Мэдлэгээ түгээцгээе:Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өнөөдөр Төрийн ордонд болж байна. Семинарт Шадар сайдын дэргэдэх Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, ерөнхийлөгчийн тамгын газар, ОБЕГ, Эрүүл мэндийн яам, БСШУЯ, Одон орон, геофизикийн хүрээлэн зэрэг төрийн болон ТББ-уудын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Уг семинарыг шадар сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүч чамрмайлтаас бус, иргэд төрийн болон ТББ, хувийн хэвшлийн ААН-ийн түншлэл, хамтын ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжих учиртай” гэж онцоллоо.
Манай орны хувьд газар хөдлөлтийн идэхтэй бүсэд оршдог. Сүүлийн жилүүдэд манай орны нутаг дэвсгэрт тохиолдож буй газар хөдлөлтийн тоо хэмжээ байнга өссөн үзүүлэллтэй гарч буйг холбогдох албаныхан онцолж байна. Тухайлбал, Нийслэлд 2006 онд 318 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2016 оны аравдугаар сарын байдлаар 1260 болж өсжээ. Тиймээс газар хөдлөлтийн болзошгүй эрсдлийн үед хэрхэх тухай сургалтыг Нийслэл хот болон хөдөө орон нутгуудад тогтмол зохион байгуулж, холбогдох мэргэжилтнүүдээ аргазүйгээр хангахад анхаарч буйгаа тодотгож байв.
Мөн энэ үеэр ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан “Өнөөг хүртэл дэлхийн аль ч орны эрдэмтэн судлаачид аюулт газар хөдлөлт болох хугацаа, түүний хүчийг урьдчилан тооцоолж чадахгүй байна. Хүчтэй газар хөдлөлт болохыг урьдчилан тогтоох боломжгүй ч газар хөдлөлтөөс учрах хохирол, түүний дотроос хүний амь нас, улс эх орны нийгэм эдийн засагт учруулах эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой” гэж тодотгосон юм.
Эх сурвалж: www.medee.mn