Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн голомтууд

7ee7f6_Slide1_x974.jpg

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII-VIII ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг ажээ.

Манай улсын нутаг дэвсгэрт 1900-2000 оны хугацаанд магнитуд нь 7-оос дээш хүчтэй газар хөдлөлт 30 гаруй, магнитуд нь 8-аас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон.

2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт жилд дундажаар 44 удаа тохиолдож байна.

УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ИДЭВХЖИЛТ:

Улаанбаатар хотод 2005 онд өмнөх онуудаас хоёр дахин их чичирхийлэлт ажиглагдаж байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өссөн байна.

2016 оны эхний 10 сарын байдлаар 1,260 удаа чичирхийлэлт болсон нь энэхүү идэвхжилт буурах төлөв ажиглагдахгүй байгааг харуулж байна гэсэн дүгнэлтийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс гаргажээ.

Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн голомтууд:

Газар хөдлөлт болох хэмжээний  идэвхтэй хагарлууд ба Улаанбаатарт мэдрэгдэх балл:

УЛААНБААТАР ХОТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ ЮУ?

Улаанбаатар хотод баригдсан нийт барилга байгууламжийг хийцээр нь ангилвал,

  • тоосгон барилга 61 хувь,
  • угсармал барилга 18 хувь,
  • төмөр бетон хийцийн барилга 16 хувь,
  • модон хийцийн барилга 2 хувь,
  • метал хийцийн барилга 2 хувийг тус тус эзэлж байна.

2011-2015 онд нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгаа хийжээ. Эдгээр барилгаас 171 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 278 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын олонх нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 1970 оноос өмнө баригдсан барилгууд юм байна.

Анх баригдахдаа газар хөдлөлтийн эрсдэлийг сайн тооцоолоогүй баригдсан барилга байгууламжууд, онцгой байдлын үед аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байдал нь Монголын нийт хүн амын тал орчим нь амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотыг улам эрсдэл өндөртэй бүс болгож байна.

Баригдаж буй ихэнх барилгууд хийцийн өөрчлөлт ихтэй, инженерийн тооцоолол муу, зориулалтын бусаар ашигладгаас шалтгаалан газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сулруулдаг хэмээн ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээлж байгаа юм.

“ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХЫГ УРЬДЧИЛАН ТОГТООХ БОЛОМЖГҮЙ Ч ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ТӨР, ЗАСГИЙН БОДЛОГО ЧИГЛЭХ ЁСТОЙ”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан “Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинарын үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөл байгуулагдан, үр дүнтэй ажиллаж байгаа.

2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 17.30 цагт Улаанбаатараас 20 км-ын зайтай орших Гүнжийн хагарал дээр 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэл даяар мэдрэгдсэн. Гамшгаас хамгаалах чиглэлээр багагүй ажлууд хийгдэж, тодорхой үр дүн гарч байгаа ч цаашид илүү анхаарч, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгон сайжруулах, хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэх асуудал байсаар байна.

Газар хөдлөлт болох хугацаа, түүний хүчийг урьдчилан тооцоолж чадахгүй байна.

Өнөөг хүртэл дэлхийн аль ч орны эрдэмтэн судлаачид аюулт газар хөдлөлт болох хугацаа, түүний хүчийг урьдчилан тооцоолж чадахгүй байна. Хүчтэй газар хөдлөлт болохыг урьдчилан тогтоох боломжгүй ч газар хөдлөлтөөс учрах хохирол, түүний дотроос хүний амь нас, улс эх орны нийгэм эдийн засагт учруулах эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаарх эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг анхааралдаа авч хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа”г онцлон хэлж байлаа.

Мэдэхэд илүүдэхгүй

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ?

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  •     Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  •     Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  •     Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  •     Бат бөх ширээн доогуур орох
  •     Цонхноос хол байх
  •     Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  •     Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадна байгаа бол:

  •     Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  •     Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
  •     Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
  •     Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  •     Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  •     Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  •     Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжилох
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ЮУ ХИЙХ ВЭ?
  •     Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
  •     Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
  •     Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
  •     Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
  •     Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  •     Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
  •     Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
  •     Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
  •     Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
  •     Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
  •     Гал гаргаж болохгүй
  •     Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
  •     Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
  •     Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
  •     Цахилгаанаа яаран бүү залга
  •     Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах

Эх сурвалж: www.ikon.mn

scroll to top