Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн.

Улаанбаатар хотод:Хотод үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал:21-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд баруун аймгуудын нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Шанаатын тахьдаг-Овоо” гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 3 зорчигч бүхий суудлын автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг 2016.12.17-ны өдрийн 10:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн газрын 7 албан хаагч, 1 автомашинтай, нийт 22 хүн, 3 автомашинтай ажиллаж иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэн, иргэн Т/55 настай, эрэгтэй/, иргэн Б /48 настай, эрэгтэй/ нарын цогцсыг мөн 1ш буу, 4ш сумыг гарган Цагдаагийн байгуулагад хүлээлгэн өгсөн.   

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Улиастай сумын Жинст  багийн Чигэстэйн голын гүүрний доод хэсэгт /сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/  “Ланд 80” загварын 2 зорчигчтой автомашин усанд суусан дуудлагыг 2016.12.20-ны өдрийн 01:45 /02:30 цагт/ цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 5 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Н /42 настай, эрэгтэй /, иргэн Э / 38 настай, эмэгтэй/  нарыг аварч, автомашиныг уснаас татан гаргаж,  аюулгүй болгосон.

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжийн 227 тоотод иргэн Ц-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.19-ний өдрийн 14:22 цагт /15:30 цагт/ хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /1,7 настай, эрэгтэй/, иргэн Н /4 настай, эмэгтэй/, иргэн Г /5 настай, эрэгтэй/ нар  өртөж нас барсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн  47 дугаар гудамжийн 1109 тоотод иргэн Т-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.19-ний өдрийн 21:57 цагт /22:30 цагт/  хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top