Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын  нутгаар, 25-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуурын  болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

 Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Салон” гэдэг газар оторлож байгаа Жаргалант сумын Рашаант багийн малчин Т-н 40 ямаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.11.23-ны өдрийн 1185 дугаар хариугаар “Ямааны цэцэг” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2016.11.23-ний өдрийн А/207 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллах хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын 2016.12.21-ний өдрийн А/226 дугаар захирамжаар цуцалсан.

3.Объектын гал түймэр

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалант”-ын 72 дугаар гудамжийн 1136 тоотод байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.21-ний өдрийн 23:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

 

Найлайх дүүргийн 1 дүгээр хорооны “Баянзүрх”-ийн 10 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Ариун-Ундрага” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.22-ны өдрийн 00:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их-Залуу багийн 10А дугаар гудамжийн 9 тоотод байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.21-ний өдрийн 13:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой ослын талаар:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн 1 дүгээр хэсэг нийтийн байрны 2 дугаар давхарт иргэн Г /57 настай, эмэгтэй/ гэртээ ухаан алдаж унасан тул  хаалга онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг 2016.12.21-ний өдрийн 20:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6  албан хаагч, 1 автомашинтай ажиллаж хаалгыг онгойлгож иргэн Г-г гаргаж аймгийн ЯТТ-д шилжүүлэн өгсөн.

 

                                                  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top