Тэдэнд зам тавьж өгөөрэй

I1A4038_700.jpg

Дүрэлзэн буй улаан гал руу, үерлэсэн гол ус руу, өвлийн тэсгим хүйтэнд, зуны аагим халуунд, байгаль цаг уурын  хүнд хэцүү нөхцөлд Онцгой байдлын албан хаагчид хүрч ажилладаг. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн албан хаагчдыг бид онцлон уулзлаа.

Сэтгүүлч: А.Цээсүрэн

Аврах 63-р ангийн албан хаагчид арванхоёрдугаар сарын 12-нд 50 хүний амь насыг аварсан баатарлаг үйлс бүтээсэн юм. Тэр өдөр ангийн IV салааны алба хаагчид “Хууль сахиулахын их сургуулийн урд талын “Гангар инвест” компанийн 12 давхар байрны гадна талын хэсэг шатаж байна” гэсэн дуудлагын дагуу шуурхай ажиллаж, оршин суугчдын амь насыг аварсан. Магадгүй, улаан гал дүрэлзсэн ийм хатуу дуудлагууд өдөр тутам ирж, цаг минуттай уралдан хүний алтан амийг аварч үлдэхийн төлөө ажилладаг тэдэнд энэ ээлжит нэгэн үүрэг нь байсан байх. Гэхдээ аварч чадаагүй, улаан галыг унтрааж дийлээгүй бол ямар аймшигт зүйл тохиох байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Тэглээ гээд амь нас, эрүүл мэндийг маань аварсан гавьяаных нь төлөө Аврах багийнханд талархсан үгсийг бид арай л цөөн хэлдэг юм шиг санагддаг.

“Гангар инвест” компанийн 12 давхар байр.

“Гангар инвест” компанийн 12 давхар байр.

Тэр өдөр гал гарсан байр хоёр орцтой, 12 давхар. Тухайн үед байрны хаягийн дагуу очиход гадна талын фасадны хэсэг нь зургаан давхар хүртлээ шатсан байжээ. Гал зургаан давхрыг хамарсан учраас байр бүхэлдээ утаатай, оршин суугчид нь угаартсан байдалтай байсан гэдгийг 63 дугаар ангийн IV салааныхан хэлж байв.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн дөрөвдүгээр салааны алба хаагчид.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн дөрөвдүгээр салааны алба хаагчид.

Биднийг очиход /2016.12.23/ тус ангийнхан гурван жолооч,  долоон гал сөнөөгч, нэг дуудлага хүлээн авагч, нэг салаан дарга, захирагч гэсэн нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр 24 цагийн ээлжтэй байж таарлаа. Ангийн ахлагч Н.Мөнхтөр угтан авч анги, бүрэлдэхүүнээ танилцуулав.

16:00 цагийн орчимд дуудлагагүй, тайван байлаа. Албан хаагчид цагийн хуваарийн дагуу бялдаржуулах танхимд бэлтгэл хийж байх аж.  Улаан өнгийн галын машинуудаа дуудлага ирэхэд ямар ч саадгүй, бэлэн байдалд зэхжээ. Онцгой байдлын албаны жолооч нар тухайн өдөр хэдэн цагаас, ямар дуудлаганд гарч ажилласан бай маргаашийн ээлжинд машинаа цэмцийтэл угааж, хүлээлгэж өгөх ёстой байдаг гэв. Ахлагч Н.Мөнхтөр “Манай анги дөрөв, найман тоннын том оврын техниктэй. Зургаан тоннын үндсэн албаны дөрвөн машинтай. Мөн шатны болон гэрэл холбооны машин болон ой хээрийн түймэр унтраах нэг машинтай. Ер нь манай албанд сүүлийн үеийн техник хэрэгслүүд бий. Шуурхай удирдлага, дуудлагын төвөөс хэдэн машин, техник хэрэгтэй байна гэж зааварлана, галын шалтгаан ямар байхаас хамаарч, дуудлагаар түргэн шуурхай гарч, ажилладаг” хэмээн танилцуулав.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн Гал сөнөөгч Б.Батзориг.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн Гал сөнөөгч Б.Батзориг.

Дээр онцолсон орон сууцанд гал гарсан дуудлагын дагуу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр ажилласан гал сөнөөгч Б.Батзориг “Манай салааныхан дуудлагын дагуу очиход таван давхраас дээш битүү утаатай байсан. Дээд давхрын оршин суугчид  байрнаасаа гарч чадаагүй. Ихэнх нь цонхон дээрээ гарчихсан байсан. Дахин утаа дэгдсэн бол оршин суугчид угаартах аюултай байлаа. Гал унтраахаар ажиллах үед утаа ихтэйгээс гадна цонхнууд нь ямар ч бариулгүй байсан нь их хүндрэлтэй байсан. Хамгийн дээд талын давхарт гарч, агааржуулалтын системийг онгойлгох гэсэн боловч тийм зүйл бас байгаагүй. Байрны чардак нь онгойлгох бариулгүй учраас хамгийн дээд талын орцны аваарын шатны цонхыг хагалж, оршин суугчдыг аварсан” гэж ярив.

“Ихэнх тохиолдолд иргэд гал түймэр гарсан үед байрнаасаа яаж гарах талаар мэдлэг муу байдаг. Гал түймрийн үеэр залуучууд түрүүлээд гүйгээд гарчихдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд ихэвчлэн хоцорсон байх нь бий. Мөн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэртээ цоожлох тохиолдол их гардаг. Цоожтой хаалганы цаана юу болж байгааг бид мэдэхгүй. Улаан гал дүрэлзээгүй л бол хаалгыг эвдэж орох зөвршөөрөл бидэнд байдаггүй. Тухайн байрны сууц өмчлөгчдийн холбооноос нь асуухаар айл өрхийн судалгаа муутай байдаг” гэхчлэн ангийн алба хаагчид ярьсан нь бодууштай зүйл билээ.

Шуурхай дуудлагын дагуу гал гарсан газарт түргэн очиход Онцгой байдлын албаны жолоочийн үүрэг хамгийн чухал. Замын түгжрээ, хальтиргаа гулгаа, цастай, бороотой үед ч цаг, минуттай уралдаж ажилладаг Онцгой байдлын албаны жолоочоор 10 гаруй жил ажиллаж буй ахлах дэслэгч Б.Энхдалай “Шуурхай дуудлагаар явж байгааг харсаар байгаа мөртөө манай жолооч нар зам тавьж өгдөггүй. Дуудлагаар очиход галын машин орох зогсоол байхгүй, оршин суугчдын машинууд нь зогсоол хаагаад зогсчихдог гээд хүндрэлтэй асуудал байнга гардаг. Гэхдээ би энэ албаараа үргэлж бахархдаг. Бусдын амь нас, эд хөрөнгийг авардаг энэ сайхан ажлаараа сэтгэлээ дүүргэж явдаг” хэмээн ярилаа.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн Ахлах дэслэгч, жолооч Б.Энхдалай.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн Ахлах дэслэгч, жолооч Б.Энхдалай.

Уг хэлтсийн гурван жолоочийн хамгийн залуу нь Б.Батболд. Тэр автоспортоор хоёр жилийн өмнөөс хичээллэж байгаа ажээ. Жолооч Б.Батболд “Мастер-Кросс” уралдааны УАЗ 469 машины ангиллалд өөрийн зардлаар оролцож, уралддаг. Энэ жилийн залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ. Б.Батболд “Бидний үүрэг бол ямар ч нөхцөл байдалд богино хугацаанд объектод очих шаардлагатай байдаг. Гэхдээ хугацаа алдахгүйгээр зорьсон газартаа очно гэдэг их эрсдэлтэй. Би Онцгой байдлын албанд жолоочоор найм дахь жилдээ ажиллаж байна. Энэ том тэргийг замын түгжрэлтэй нөхцөлд удирдан, хурдан явна гэдэг маш хэцүү.  Гэхдээ бид тангараг өргөсөн албан хаагчид шүү дээ” гэв.

Дөрөвдүгээр салаанд үе дамжсан гал сөнөөгч цөөнгүй бий. Тэдний нэг нь Б.Бямбазориг. Түүний авга ах гал сөнөөгч байсан бөгөөд ах нь Баянгол дүүргийн Онцгой байдлын албанд гал сөнөөгчөөр ажилладаг. Тэр бидэнд “Өөвлийн улиралд иргэд гал түлж, цахилгаан их хэрэглэдэгтэй холбоотойгоор гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг. Тиймээс өвлийн улиралд гал түймрээс сэргийлэх хэрэгтэй”-г сануулж байв.


  • Тус хэлтсийн ахлагч Н.Мөнхтөр нь 2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймагт гарсан ойн хээрийн түймрийг унтраахаар явсан баг бүрэлдэхүүнд ажиллаж байжээ. Харамсалтай нь, тэдний сууж явсан “Ми-8” онгоц осолдож, 22 албан хаагчаас долоо нь л амьд үлдсэний нэг нь ахлагч Н.Мөнхтөр юм. Түүнтэй цөөн хором ярилцав.

Хэлтсийн ахлагч Н.Мөнхтөр

Хэлтсийн ахлагч Н.Мөнхтөр

-Та “Ми-8” онгоцны ослоос амьд үлдсэн албан хаагчдын нэг. Ослын үед, ослын дараа мэдээж танд сэтгэл зүйн хувьд хэцүү байсан. Одоо ингээд албандаа ажиллаж байгаа нь сайхан хэрэг байна?

-Би ОХУ-ын Кемераво хотын тусгай дунд сургуульд аврагч мэргэжлээр суралцаж, 2006 онд төгссөн. Төгсөөд эх орондоо ирж, Онцгой байдлын албанд ажилд орсон. Осол болох өдөр Сэлэнгэ аймаг явах багт зураглаачаар ажиллахаар томилогдсон байсан юм. Ослын улмаас миний нурууны үе гэмтэж, бүсэлхийнээс доош мэдээгүй болсон. Ослын дараах өдрүүдийг ууланд маш хүнд нөхцөлд өнгөрүүлж, гурав хоногийн дараа эрлийн баг биднийг олсон. Маргааш нь Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргүүлж, яаралтай нурууны хагалгаанд орж байлаа. Амьд үлдсэн долоон алба хаагчийн зургаа нь одоо албандаа үргэлжлүүлэн ажиллаж, үүргээ гүйцэтгээд явж байна. Нэг маань гадаадад  ажиллаж, амьдарч байгаа.

-Хэр хугацааны дараа ажилдаа эргэн орсон бэ?

-Би хагалгаанд орсны дараа сар гаруй хугацаанд хэвтрийн дэглэмд байсан. Удалгүй нөхөн сэргээх эмчилгээнд явж байгаад, гурван сарын дараа ажилдаа орсон. Миний хувьд Онцгой байдлын албанд орж ажиллаад 10 жил болж байна.

-Албандаа эргэж ороход танд хэцүү байсан уу. Магадгүй, гэр бүлийнхний зүгээс ч юм уу өөр ажил хийхийг санал болгож байсан уу?

-Бид тангараг өргөсөн эрчүүд шүү дээ. Хэцүү, бэрх ч гэсэн энэ албандаа эцсийн мөчийг хүртэл зүтгэнэ. Мөр зэрэгцэж явсан хамт олныхоо хийж, гүйцээгээгүйг хийхийн төлөө бид бүгд хүчин зүтгэдэг гэж боддог.  Би цаашдаа албаа улам сайн гүйцэтгэж, сурч боловсрох зорилготой. Зовлон, жаргалаа яг тэнцүү хувааж ирсэн, нэг гэр бүл шиг хамт олон маань байна. Надад тэр үед Онцгой байдлын албанаасаа явах бодол төрөөгүй. Одоо ч төрдөггүй. Энэ бол эрчүүд бидний өргөсөн тангараг, сонгосон тавилан, хүлээсэн үүрэг юм.

Нээрэн л тийм. Осол болдог ч, гал гардаг ч, гамшиг тохиолддог ч өөрсдийн амиараа дэнчин тавин ажилладаг тэдний зориг, сэтгэл мохдоггүй ажээ. “МИ-8” осолдсон ч сэтгэл, зүрх нь осолдоогүй баатарлаг залуус ОНЦГОЙ энэ салбарт олон бий.   Тэд байхгүй, тэд ажил, мэргэжил, аврах онцгой үүргээ нэр төртэй үүрч чадаж байна гэмээнэ бид гамшиг, бэрхшээлийг туулах үедээ итгэх итгэлтэй байна. Бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагчид энэ жил гал түймрийн 306 дуудлагын дагуу ажиллаж, бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалан, 89 хүний алтан амийг аварчээ.

Тэдэнд зам тавьж өгөөрэй, хүний алтан амь аврахаар яарч яваа.


Эх сурвалж: http://www.news.mn/r/320827

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

scroll to top