Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын баруун хэсэг, 30-нд баруун болон төвийн  аймгуудын зарим газраар, 31-нд нутгийн баруун хагаст, 2017.01.01-ний өдөр нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 31, 1 дүгээр сарын 1-нд  зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18  градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Салхит багийн Баянцагаан багийн 3 дугаар гудамжийн 119 тоотод оршин суугч иргэн Г /32 настай, эрэгтэй / тус сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самар түүж байгаад 2016.11.28-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.12.07-ны өдөр хүлээн авч 2016.12.12-ны өдөр хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон боловч дахин эрэн хайх хүсэлтийг 2016.12.24-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай, байгаль хамгаалагч 3, ар гэрийн 5 хүн, нийт 14 хүнтэй эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газраас эрлийн ажиллагааг үргэлжлүүлж, 2016.12.27-ны өдрийн самарчдын отогноос 19 км газарт явганаар самналт хийсэн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Энэрэл эмнэлгийн урд дулааны шугамын худагт эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 00:05 цагт /01:05 цагт/ хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж нэр, хаяг нь тодорхойгүй эмэгтэйн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжийн 151 тоотод иргэн Ж-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.27-ны өдрийн 10:37 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top