Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Өмнөговь, Завхан аймгийн зарим сумдад цас орсон, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас 6-11 м/с. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн “Тохой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ “Ниссан Галлофер” загварын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 2017.01.01-ний өдрийн 18:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Э /41 настай, эрэгтэй/, Э /33 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/, Б /8 настай, эрэгтэй/, Д /8 настай, эрэгтэй/ нарыг аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 3 дугаар гудамжийн 24 тоотод “Тоёота Раум” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top