Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/308 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны А/308 дугаар тушаал, мөн үүрэг хүргүүлэх тухай 2016 оны 1/2553 дугаар албан бичгийг үндэслэн төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч нар тушаал, шийдвэр гарган бие бүрэлдэхүүнд баяр амралтын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлыг хангах, сонор сэрэмж, хариуцлагыг өндөржүүлэх, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллах, анги байгууллагатайгаа байнга холбоотой байх, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх талаар тодорхой үүрэг даалгавар өгч ажилласан байна.
Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш-2017” шинэ жилийн цэнгүүнд зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуун дахь Зүрх-Уул, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг газруудад 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл явуулахад нийт 124 албан хаагч, гал унтраах зориулалтын болон тусгай зориулалтын 7 авто машинтайгаар хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлыг хангуулан, арга хэмжээний үеэр аврах, гал унтраах томилгоот бүлгүүдийг ажиллуулж, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажилласан.
Баяр, амралтын өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд бичил уурхайд агааргүйдсэн, ногооны зооринд угаартсан, цасанд болон мөсөнд цөмөрсөн, ахуйн осолд орсон 15 иргэнийг авран эмнэлгийн анхны тусламж үзүүлж, осолдсон 4 хүний цогцсыг гарган эмнэлэг, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгөв.
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийтдээ объектын 26 гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Үүнд:
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар байрны 18 тоотод 12 дугаар сарын 31-ний өдөр гарсан гал түймэрт иргэн Х (72 настай, эмэгтэй), Б (58 настай, эрэгтэй), Ц (6 настай, эрэгтэй) нар угаартсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд ажилласан ерөнхий эргүүлүүд болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллалаа.
Энэ хугацаанд аврах, шуурхай албаны болон гал унтраах нийт 967 нэгж тусгай зориулалтын автомашин, техник, 2188 албан хаагч (давхардсан тоогоор) жижүүрлэлтэд үүрэг гүйцэтгэсэн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.