Н.ХҮСЭЛ: Морз бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг хэл

husel.jpg

О.НОМИН

“Чи л хөдөлмөрлөж чадвал бүхнийг өөрийн болгож чадна” гэж хэлэх дуртай энэ бүсгүйг Нэргүйн Хүсэл гэдэг. Үнэндээ тэрбээр зорьсондоо хүрэхийн төлөө зогсолтгүй чармайсаар Онцгой байдлын хэмээх онцлог албанд мөрөөдлөө биелүүлэн орж ирээд удаагүй байгаа юм. Тодруулбал, энэ оны гуравдугаар сард Онцгой байдлын албанд томилогдсон шинэхэн албан хаагч. Гэвч мэргэжилдээ эзэн байхын сайхныг хэдийнэ харуулж амжсан гэж болно. Тиймээс ч бид түүнийг Зэвсэгт хүчинд Холбооны цэрэг үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗХЖШ-ын дарга агсан, хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээнд албаа төлөөлөн, хурдач радиотелеграфчины төрөлд амжилттай оролцон спортын гуравдугаар зэрэг хүртээд байхад нь уулзаж ярилцлагад урьсан юм. Ингээд дэд ахлагч Н.Хүсэлтэй цөөн хором ярилцсанаа толилуулья.

-Бүсгүй хүн тэр болгон зориглон сонгоод байдаггүй Онцгой байдлын алба гэх онцлог ихтэй хүндхэн албанд өөрийг чинь зорьж зүтгэсээр орсон гэж сонссон. Энэ албанд тэгтлээ дурлах болсны шалгаан юу байв?

-Үнэндээ энэ албаны хүн болох гэж чамгүй хичээлт зүтгэл гаргасан шүү. 2013 оноос хойш л Онцгой байдлын албаны албан хаагч болохоор хөөцөлдсөн. Тэгэхдээ эмэгтэй хүн яг ямар албанд нь орвол зүгээр юм бол гэж судалсны эцэст анхан шатны мэргэжил нь холбоочин юм байна гэдгийг мэдэж авсан. Ингээд холбооны мэргэжлээр хоёр төрлийн сургалтад хамрагдаж төгсөөд, шалгалтуудаа өгөөд томилолтоо хүлээж байгаад л орсон доо. Өөрөө хүсч тэмүүлээд, гурав дөрвөн жил өөрийгөө бэлдсэний эцэст чин сэтгэлээсээ хичээж хөдөлмөрлөвөл зорилгоо биелүүлж чаддаг юм байна гэдгийг хүмүүст харуулж, өөрөө ч мэдэрсэн гэж болно. Зорьсондоо хүрч, албандаа ороход ээж минь “Миний охин өөрөө хичээж зорьсоор хүссэндээ хүрч, зорилгоо биелүүллээ” гэж бахархан хэлж байсан.

Бас нэг сонин тохиолдол гэвэл, ажилдаа орчихоод хөдөө томилолтоор явж байтал нэг ах ирээд “Дүү ажилдаа орчихсон байна шүү дээ, мундаг юмаа. Сайн ажиллаарай” гэж хэлэхэд нь их гайхсан. Тэгсэн нь би гурван жилийн өмнө Онцгой байдлын албаны хувцастай фэйсбүүк найз нэг хүнээс “Танай байгууллагад ороход яах ёстой вэ, юу хийх ёстой вэ” гэж асууж байсан юм. Тэр хүн маань байсан.

14341746_1278901202154032_2013933029_n

-Хүсч тэмүүлсэн ажилдаа орж, мэргэжилдээ эзэн нь байна гэдэг сайхан. Үүнийгээ ч харуулахаар асар том зорилго өвөрлөн яваа болов уу гэж саяны тэмцээний дараа өөрийг чинь хараад бодогдож байлаа. Тэмцээнд санасандаа хүртэл оролцож чадав уу?

-Өөрийгөө сорих гэж, спортын гуравдугаар зэргээ авах гэж энэ тэмцээнд орсон. Зорилгоо ч биелүүлсэн. Өөрийн мэддэг, чаддаг зүйлээ чадахаараа харуулсан гэж бодож байна. Бас их зүйл сурч авсан. Манай багийнхан багаараа маш сайн ажиллаж чадсан.

-Морз гэдэг асар өндөр мэдрэмж, авьяас чадвар шаарддаг эд шиг санагддаг. Хөгжмийн өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж сонсч байсан юм байна?

-Морз гэдэг холбоочин хүний зэвсэг. Нөгөөтэйгүүр морз буюу радиотелеграф гэдэг нь цэг таслалыг үг, үсэг болгодог сонсгол чимээны спорт. Мөн дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг хэл. Тухайлбал, та орос, англи хэлийг мэддэг бол гадаадын хоёр хэл мэддэг гэж хэлж болно. Дээрээс нь морз мэддэг бол өөрийгөө гурван хэлтэй гэж тооцож болно. Нэг ёсондоо дэлхийд ойлголцох хэлтэй гэж бодож болно.

Морз нь латин 26 үсэгтэй. Жишээ нь, дэд гэдэг нь- цэг, даа гэдэг нь- зураас гэсэн үг. дэд даа гээд холбоод хэлбэл а үсэг болно гэх мэтээр холбож ярьдаг. Тэгэхдээ морзыг нэвтрүүлэх, хүлээн авах гэсэн хоёр шугамаар ашиглагддаг. Нэвтрүүлэх гэдэг нь тусгай түлхүүрээр, гар аргаар Морз цохихыг хэлдэг. Харин хүлээн авах гэдэг нь компьютер дээрх программыг сонсож, дэвтэр дээр буулгахыг хэлдэг.

Анхлан суралцагчид эгшиг долоон эгшгээсээ үзэж эхлээд, хүлээн авалтыг 20,30-ын хурдаар хүлээн авч сурдаг. Цаашлаад 70-аас дээш хурдаар авч цэргийн болзол хангадаг.

-Өөрийн чинь хувьд саяны тэмцээнд мэдээллийг хэдийн хурдтай хүлээн авч гуравдугаар зэргийн болзлоо хангасан бэ?

-90-ийн хурдтай авч, гуравдугаар зэргийн болзлыг хангасан. Манай Монголын радиотелеграф буюу Морзын холбооны багш нар 200-с дээш хурдтай авч рекорд тогтоосон байдаг. Хамгийн сүүлд морзын багш, 0151-р ангийн дэслэгч н.Буянтогтох Монголын радиотелеграфын рекордыг эвдсэн байдаг юм.

Морзыг хурдтай хүлээн авахаас гадна мэдээллээ зөв дамжуулахгүй бол ямар ч аюулд хүргэж болно. Үүний нэг жишээ нь, “Даргыгаа дууд” гэж дамжуулсныг “Даргыгаа бууд” гэж сонсоод даргаа буудчихсан дайны үеийн эмгэнэлтэй түүх байдаг юм.

-Тэгэхээр энэ хариуцлагатай бөгөөд хүндхэн албанд дурласныг чинь бодохоор их л эршүүд, дэггүй хүүхэд байсан юм болов уу гэж бодогдоод байх юм. Би зөв таав уу?

-Би дээрээ хоёр ах, нэг эгчтэй айлын бага охин. Таны хэлдгээр ах нартайгаа тоглоод нэлээд эршүүд өссөн дөө. Маш сахилгагүй, хөдөлгөөнтэй, адтай хүүхэд байсан гэдэг. Бас их нийтэч, найз нөхөд олонтой байсан. Тэгээд болоогүй ээ, ангийнхаа ариун цэврийн дарга хийдэг байлаа. /инээв/. Тэгсэн хэрнээ бөмбөгнөөс айдаг учир спортоор хичээллэдэггүй, харин урлаг, уран сайхны арга хэмжээнд их оролцдог хүүхэд байсан.

-Гэтэл одоо…?

-Буудлага, сурын харваа гэсэн спортуудыг сонирхдог болоод зогсохгүй өөрөө морзоор хичээллэдэг болчихоод байна шүү дээ.

-Амьдрал нээрээ сонин шүү. Бөмбөгнөөс айдаг байсан хүн одоо спортын гуравдугаар зэрэг хамгаалаад, сонирхдог зүйлүүд нь спортын төрлүүд болчихсон байдаг?

-Тийм шүү. Би уг нь багадаа бүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Тэгсэн хэрнээ Соёл урлагийн их сургуулийн лицейн уртын дууны ангийг төгссөн. Уртын дуундаа ч дуртай. Тэглээ гээд урлагийн хүн болсонгүй. Онцгой байдлын албан хаагч болоод явж байна.

Хүсч зорьж орсон болохоор энэ албандаа хайртай. Тэр дундаа ажил амьдралын гараагаа Аврах тусгай ангиас эхэлсэндээ өөрийгөө их азтайд тооцдог. Мөн морз сурснаараа их бахархдаг. Анх сурч байхдаа бүүр зүүдэлдэлдэг, тэр ч байтугай машины сигнаалыг хүртэл морз болгож сонсдог байлаа шүү дээ.

-Тэгвэл одоо юуг мөрөөдөж байна вэ?

-Цэргийн байгууллагад эмэгтэй хүний хүрч чадах хамгийн дээд зэрэг, албан тушаал, хүрч чадах эцсийн зогсоол хүртэл тэмцэж, хичээнэ гэж боддог. Бас цэргийнхэн бүгд морзтой. Тийм болохоор Онцгой байдлын албаа бусад хүчний байгууллагуудтай адил морзтой болгох юмсан гэж бодож, хүсч явдаг даа.

Ингээд залуустаа,

Ажилдаа дуртай

Албандаа хайртай

Үүргээ сайн биелүүлээд

Үнэнчээр зүтгэж яваарай гэж хэлье.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөлөө. “Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг” гэж алдарт зураач Анри Матисс нэгэнтээ хэлсэн байдаг. Тэр цэцэгс бүхнийг олж харж, хүсэл мөрөөдлийнхөө зүг итгэл дүүрэн алхахыг ерөөе.

scroll to top