Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас, 9-нд зарим газраар, 10-нд баруун аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7-нд нутгийн баруун хагаст, 8, 10-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч 8-10-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дундговь аймаг Сайнцагаан  сумын Нарлаг багийн 13 дугаар байрны 11 тоотод оршин суугч иргэн Б /37 настай,  эрэгтэй/ 2017. 01.05-ны өдрийн 18:20 цагт гэрээсээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.05-ны өдрийн 20:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 4 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус сумын Далай багийн /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ “Аривжихын цохио” гэдэг газар мотоциклоос унаж хөлөө гэмтээсэн байхад нь эсэн мэнд олж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн “Цагаан даваа” гэдэг газар малчин Б-н 32 хонь 2016.11.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.11.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2016.11.17-ны өдрийн А/133 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2016.12.08-ны өдөр сумын Засаг даргын А/142 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэмд шилжүүлэн ажиллах хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын 2017.01.04-ний өдрийн А/01 дүгээр захирамжаар цуцалсан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top