Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан /2017.01.04/ хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсоны нэг асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудал байлаа. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.
Анх 2003 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд уг хуульд 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн нэр томьёоны тодорхойлолт дутуу, зарим тодорхойлолт нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголттой зөрсөн, гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шатыг бүрэн тодорхойлоогүй, гамшгаас хамгаалах үндэсний удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг бүрэн гаргаагүй, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцаа зохицуулагдаагүй, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, эрх, үүрэг тодорхой бус зэрэг дутагдалтай талууд байна. Иймээс одоо мөрдөж байгаа гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг улам боловсронгуй болгож, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, удирдлага зохицуулалт, бодлогын зөвлөмжөөр хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад холбогдох талуудын оролцоо, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн хүлээх чиг үүрэг, гамшгийн улмаас учирч буй санхүүгийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг хуваалцах, шилжүүлэх, даатгах, олон нийтэд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиг хандлагыг хөгжүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.