Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт  нутгаар цаг агаар тогтуун байлаа.                   

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс 6-11 м/с. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15, 18-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16, 17-нд ихэнх нутгаар цас орж,  цасан шуурга шуурна. Салхи 15-нд  баруун аймгуудын нутгаар, 16-17-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 16-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч  Увс нуур болон Дархадын хотгор,   Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус,  Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

 Аврах ажиллагаа: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 багийн нутаг “Элгэн” гэдэг газар  Улаанбаатар  хотын чиглэлд зорчиж явсан Приус-20 загварын автомашин онхолдож, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.01.14-ний өдрийн 02:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Б /37 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг авран хамгаалж эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг  2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т / 28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байна.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн “Өвөлжөөтийн-Ам” гэдэг газар малчин Ч-н 3 хонь 2017.01.10-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2017.01.13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.01.13-ны өдрийн байдлаар 19 хонийг устгасан.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Хүүхэн Яст” гэдэг газар малчин Д-н 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн гэсэн дуудлагыг 2017.01.10-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч дээж авч аймгийн УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2017.01.13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон.

4. Объектын гал түймэр:

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн дан байрны 66 тоотод гал гарч байна гэсэн дуудлагыг 2017.01.13-ны өдрийн 23:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top