Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Дархан-Уул, Дундговь,  Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл,  аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос 6-11м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс,Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Монгол-Алтайн нурууны өвөр хэсгээр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи хойноос 6-11м/с. 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд ихэнх нутгаар, 19, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд ихэнх нутгаар, 19-21-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн,  Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч  бага зэрэг суларна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар алт олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг  2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 6 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгаас 40-н иргэн 6 автомашин, нийт 58 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байна. 2017.01.16-ны өдрийн байдлаар хиймэл нуурын 3500 тн усыг соруулан гаргасан.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Улиастай”-н 3 дугаар гудамжийн 48 тоотод иргэн Ч-ийн 4 ханатай гэр шатаж банйа гэсэн дуудлагыг 20107.01.16-ны өдрийн 12:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Дүүрэг”-ийн 3 дугаар гудамжийн 95 тоотод иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.16-ны өдрийн 12:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны “Чингэлтэй”-н 19 дүгээр гудамжийн 451/а тоотод иргэн С-ийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.16-ны өдрийн 13:41 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Сансар”-ын 1 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн У-ийн 16х18 метрын хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.16-ны өдрийн 23:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжийн 9 тоотод иргэн М-ийн эзэмшлийн суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.16-ны өдрийн 09:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар  багийн “Чулуут”-ын 12 дугаар гудамжийн 9 тоотод иргэн Б-ийн эзэмшлийн 52-05 УНС улсын дугаартай суудлын автомашин  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.16-ний өдрийн 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 19 дүгээр гудамжийн 22 тоотод иргэн Н-ийн амбаар  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.16-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top