Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Увс, Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Хүйтэрч 23-25 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 21-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын  хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Хүрэн бэлчир, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 19, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг  2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 6 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгаас 40-н иргэн 6 автомашин, нийт 58 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байна. 2017.01.17-ны өдрийн байдлаар хиймэл нуурын 15000 мкв усыг соруулан гаргасан.

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань гэдэг газар 2017.01.15-ны өдрийн 20:00 цагт булгийн ус задарч халиа гүйсний улмаас улсын чанартай зам гүүр, тус багийн 1, 2 дугаар гудамжийн айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 2017.01.17-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 39 хүн, 4 автомашин, “АЗЗА” ХХК-ийн 15 ажилтан, 3 автомашин, нийт 76 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 300 м газар усны урсгалыг өөрчилж шуудуу татан, 100 тн шороо асгаж далан босгох ажлыг хийж гүйцэтгэсэн.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хөдөө хэсгийн Улаан-Ухаа гэдэг газар малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 20107.01.17-ны өдрийн 05:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхоны 4 дүгээр гудамжийн 36/Б тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20107.01.17-ны өдрийн 20:54 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top