Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байна

01-19-шадар.jpg

Өвөлжилт хүндэрч буй аймгуудад ажиллахаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй бүрэлдэхүүн өнгөрсөн даваа гаригт Хэнтий аймгийг зорьсон. Одоогоор Онцгой комиссын бүрэлдэхүүн Чингис хаан хот, Дадал, Баян-Адрага, Норовлин сумдад тус бүр ажиллаад байна.

Дээрх сумдад өвөлжилт хүнд, цасны зузаан тал газраа 30 см, хунгарласан газраа 50-60 см-т хүрчээ. Зарим газарт мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн зэрэгцээ зам, даваагаар давахад ч асар хүнд байгаа аж. Гэхдээ одоогоор малын хорогдолгүй байна. Шадар сайд эдгээр сумдад ажиллах үеэрээ малчдад 210 тонн өвс, тэжээл, эд материалын тусламж үзүүлжээ.

Аймгийн удирдлагууд, мөн аймгийн Онцгой байдлын газраас өгч буй мэдээллээр өвөлжилт зөвхөн дээрх гурван сумдад хүндрээгүй, хойд талын сумдыг нийтэд нь хамарч байгаа аж. Өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард цас их хэмжээгээр орсноос Баян-Овоо, Батноров, Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Хэрлэн сумдад ч өвөлжилт хүндэрч, цасны зузаан тэгш газартаа 5-30 см, хунгарласан газартаа 40-60 см болж цасан бүрхүүл тогтсон, байнга явган шуурга шуурч байгаагийн улмаас цасны хөрсний зузаан 2-3 см, зарим газартаа 8-9 см хүрч хатуурч мал бэлчээрлэлтэнд сөргөөр нөлөөлөх болжээ.

Дээрх 11 сум цагаанаар зудархуу ангилалд багтаж байгаа бөгөөд Баянхутаг сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд туурайн зуд үүсэх нөхцөл байдал бүрдсэн байна.

01-19

Иймээс Шадар сайд аймаг, сумын удирдлагуудад дараах үүрэг чиглэл өгөөд байна Үүнд: Засгийн газраас олгож буй мөнгө, эд материалын зарцуулалтад хяналт тавих, хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарал тавих, өвөлжилт хүндэрсэн малчин өрхийн судалгааг гарган бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн төсөв хүрэлцэхгүй тохиолдолд Улсын онцгой комисст хандан тусламж хүсэхийг үүрэг болгожээ.

Маргааш Дорнод аймагт ажиллах юм байна. Онцлоход, Шадар сайд Хэнтий аймагт ажиллах үеэрээ Баянмөнх, Дадал, Баян-Адрага сумдад нэн тулгамдаад байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 автомашиныг гардуулан өгчээ.

Г.ДАРЬ

Эх сурвалж: news.mn

scroll to top