ОБЕГ-ынхан стратегийн цугларалт хийж байна. Гурван өдөр үргэлжлэх цугларалт өнөөдрөөс эхэлж байгаа юм. 2016 он Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд албаны болон албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдэж, шинэ бүтээн байгуулалт өрнөсөн дүүрэн сайхан амжилт бүтээлийн жил байжээ. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад улс орны буцалтгүй тусламжаар гамшигтай тэмцэх албаны чадавхи 55 хувьд хүрсэн гэх мэт сайн мэдээ олон байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийтдээ 4373 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдсоноос Онцгой байдлын албаны албан хаагчид 1315 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн Онцгой байдлын албан хаагчид 2016 онд эрэн хайх, аврах ажиллагааны 626, тээврийн хэрэгслийн ослын 102, нийт 720 удаагийн дуудлагаар ажиллаж, 1608 хүнд анхны тусламж үзүүлэн, 361 хүний амь насыг авран хамгаалжээ.
Байнгын онцгой нөхцөлд, тушаалын дор ажилладаг онцгой байдлын албаныханд яг одоогоор тулгамдсан асуудал хийгээд шийдвэрлэх шаардлагатай ямар хүндрэл байгаа, цаг үеийн байдал, цаашид анхаарах зүйлсийн талаар бид ярилцлаа.
“УВС АЙМАГТ -40 ДАВЖ ХҮЙТЭРСЭН”
Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга
-Цаг агаарын нөхцөл байдал, цас зуд танай аймгийн хувьд ямар байна вэ?
-Увс аймгийн хувьд өвөлжилт хүндэрсэн байдалтай байна. 13 сумын нутагт цас их хэмжээгээр унаж, зудын байдалтай өвөлжиж байгаа. Цасны зузаан тал хээр нутагтаа 30-40 см, уулархаг нутгаараа 70-90 см-т хүрсэн. Нэгдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд цас нэмж орсноос болоод мал бэлчээрлэх боломжгүйд хүрээд байгаа. Малын хөл халцарч, ам омруутсан зэргээс мал бэлчээрлэхэд бэрх байна. Манай аймгийн нутагт шөнийн цагаар -40 хэм давж хүйтэрч байгаа. Хэдийгээр цаг агаарын мэдээгээр -38-39 градус гэж зарлаж байгаа ч 40 хэм давж хүйтэрсэн.
-Цас зудны үед хэрэглэх хадлан тэжээл хэр хүрэлцээтэй байна вэ?
-Малчдын гар дээрх өвс тэжээл дууссан. Сумдын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг тарааж өгч байгаа. Аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг тараан байршуулсан. Хараахан хэрэглэж эхлээгүй.
-Мал хорогдсон уу?
-Малын зүй бус хорогдол мэр сэр гарч байгаа ч өвөлжилтийн хүндрэлээс болж мал хорогдсон хэрэг биш.
-Увс аймгийн хувьд газар нутаг томтой. Аймгийн хэмжээнд онцгой байдлын албаны хүрэлцээ, хангамж хэр байна вэ?
-Манай аймгийн тухайд гамшиг, ослын тоо давтамж жилээс жилд өсөх хандлагатай байгаа. 2015 оны манай аймаг гандуу зуссантай холбоотойгоор гал түймрийн тоо эрс өсч, 29 удаагийн ой хээрийн түймэр гарч байсан. Аймгийн төвд ч объектийн түймэр өсч байгаа. Салхи шуурганаар төөрч осолдох, гол нуурын усанд живэх, малын гоц халдварт өвчин гарах гэхчилэн гамшиг ослын тоо нэмэгдсээр байгаа юм. Бас энд онцолж хэлүүштэй зүйл бол газар хөдлөлтийн тоо нэмэгдэж буй юм. Тиймээс бид газар хөдлөлтийн нөхцөлд хэрхэн ажиллах талаар дадлага сургууль байнга хийдэг.
Увс аймгийн хэмжээнд Онцгой байдлын ганц анги ажиллаж байгаа нь хангалттай биш учраас энэ онд багтаан Баруунтуруун суманд шинэ анги нээхээр төлөвлөсөн нь тун сайшаалтай. Социализмын үед Цагаанхайрхан суманд модон завод ажиллаж байх үед гал унтраах ангитай байсан. Баруунтуруун бол газар тариалангийн бүс нутаг болохын дээр зүүн бүсийн сумдын хэмжээнд ажиллах боломжтой гэж үзэж шинээр анги нээхээр болсон. 2016 онд манай алба зургаан автомашинаар паркаа шинэчилсэн. Нийтдээ 14 техник байгаагийн тав нь гал түймэр унтраах зориулалттай. Бусад нь аврах техник хэрэгслүүд. Албаны хэмжээнд техник хэрэгсэл 87 хувийн хангалттай байгаа. Цаашид аврах бүлэг байгуулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр гал сөнөөгчид бүхий л аврах ажиллагаанд оролцдог байсныг мэргэшүүлэн ажилуулах боломж олдож байгаагаараа онцлог.
-Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа.
-Онцгой байдлын албаны тухай хууль 2003 онд батлагдан мөрдөж байгаа. Аливаа хууль цаг үеэ даган өөрчлөгдөн шинэчлэгддэг учраас Гамшгаас хамгаалах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэхүү хуульд онцгой байдлын албаны ажилтнуудын нийгмийн баталгааг онцгойлон оруулж өгснөөрөө онцлог. Тухайлбал, алба хаагчдын ажилласан жилийн 1,3-аар тооцдог байсныг 1,4 жил болгон нэмэгдүүлж байгаа. Мөн албаа хааж байгаад өөд болсон хүмүүсийн ар гэрт 10 жилийн хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олгодор олгохоор тусгаад байгаа. Хамгийн их эрсдэл бүхий нөхцөлд ажилладаг хүмүүс бол онцгой байдлын албаныхан. Эрсдэлт нөхцөл үүслээ гэхэд ар гэрийнхэн тэр чигээрээ хаягдан үлддэг байсныг өөрчлөхөөр болсон нь сайн хэрэг. Нөгөөтэйгүүр, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн яаж хүлээж авах, хэнд хэрхэн хүргэж өгөх талаар ч тусгасан байгаа.
-Танай аймгийн хувьд онцгойгийн ажилтан албаа хааж яваад амь эрсдсэн тохиолдол сүүлийн үед гарсан уу?
-Азаар тийм зүйл гараагүй. Гэвч бид байнгын эрсдэлд ажилладаг юм шүү дээ. Байнгын дадлага сургуулилт хийж, эрсдлээс ард олноо, албаны нөхдөө, өөрийгөө авран хамгаалах дадлыг суулгадаг онцлогтой.
“ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ТӨВ АЙМАГТ ОЛОН ГАРДАГ”
Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар
-Төв аймгийн хувьд нийслэл хотод ойр байрладаг учраас онцгой нөхцөлийн үед хүн хүчний туслалцаа авах, аврагч нарынхаа тоог хурдан хугацаанд нэмэгдүүлэх боломжтой байдаг уу?
-Ер нь бол тийм. Нийслэл хотыг тойрон хүрээлж байрладаг болохоор онцгой үед тусламж авах боломжийн хувьд алслагдсан аймгуудаас дөхөмтэй. Гэхдээ гамшиг, ослын тоо ч мөн төдий хэмжээгээр илүү. Агаарын тээвэр, зам, төмөр замын тээврүүд манай аймгийн нутгаар дамжихын дээр нийслэлийн сая гаруй иргэд нар салхинд гарахдаа манай аймгийн нутаг руу гарах, нутгаар дамжин өнгөрдөг учраас дуудлага маш их гардаг.
Өнгөрсөн онд гэхэд 46 том хэмжээний гамшиг ослын дуудлагын дагуу манай ажилтнууд ажилласан байдаг. Ээж хайрхан, Манзуширын хийдийг зорихдоо шавар ус, цас мөсөнд суусан машин, Цэцээ гүн рүү авирч байгаад төөрсөн хүмүүсийг оруулалгүйгээр тэр шүү дээ.
-Алслагдсан сумдад тусламж үйлчилгээ хүргэх боломж хэр байна вэ?
-Мөнгөнморьт сум аймгийн төвөөсөө 200 км, Заамар сум 210 км-ийн зайд оршдог учраас онцгой нөхцөлд авран туслах үйлчилгээ үзүүлэхэд цаг алдах тал бий. Тиймээс ОБЕГ, аймгийн Засаг даргатай зөвшилцөн хүн хүч, техник хэрэгслийг тараан байршуулж байгаа. Алсдаа Лүн, Баян сумдад эрэн хайх бүлэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Манай аймгийн нутагт зам тээврийн осол бусад аймгаас эрс олон гардаг. Говь, хангай хосолсон учраас ой хээрийн түймэр ч гарч байдаг.
-Гамшгаас хамгаалах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан санал содлоо илэрхийлнэ үү?
-Онцгой байдлын албан хаагчид үнэхээр онцгой нөхцөлд ажиллүадаг хүмүүс. Залуу насны хөдөлмөр ч гэж хэлж болно. 40 насны босго даваад эхэлмэгц л залуусынхаа хөлийг гүйцэхээ больсон байхын дээр хүйтэн нойтонд ажилласаар байгаад эрт биегүй болдог. Тиймээс онцгойгийн ажилтнуудын ажилласан жилийг тооцох аргачлалыг 1,3-1,4 болгож нэмсэн нь зөв шийдэл болсон гэж хувьдаа үзэж байгаа. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдсэн онцлог заалтууд олон байгаад талархаж байгаа. УИХ-ын гишүүд дэмжээд баталчих биз ээ.
ХАТГАЛД АВРАХ АНГИТАЙ БОЛНО
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албаны дарга, хурандаа Г.Нэргүй
-Хөвсгөлд өвөлжилт ямар байна вэ?
-Хөвсгөл аймгийн 18 суманд өвөлжилт хүндэрсэн, зудын байдалтай байна. Аймгийн баруун урд талын сум болох Цэцэрлэг, Цагаан уул, баруун хойд талын Дархадын хотгор орчмын Цагааннуур, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх, зүүн хойд талын Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр сумдад хүндрэл үүсээд байна. Цасны зузаан 60 см хүрсэн, хатуурснаас малын хөл, хошуу зуларч, мал хорогдож эхлээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 3000 орчим мал хорогдоод байгаа. Хүсэлт гаргасны дагуу Улсын онцгой комисс /УОК/-оос улсын нөөцийн өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр худалдаалж эхэлсэн. Түүнчлэн УОК-оос гурван суманд хүн эмнэлгийн машин олгосон нь нүдээ олсон тусламж, дэмжлэг болсон. Цаг хүндэрсэн үед тусламж үйлчилгээг хүргэхэд техник хэрэгсэл онцгой чухал байдаг. Зам даваа хаагдлаа гэхэд техникгүйгээр даван туулах боломжгүй. Тиймээс манай амйгийн иргэд, удирдлагуудын зүгээс УОК-т тусгайлан талархал илэрхийлэх үүргийг надад оноосон. Тиймээс танай агентлагаар дамжуулан УОК-ийнхонд талархсанаа дамжуулъя.
-Хөвсгөл аймгийн хувьд амсхийж тайвшрах цаг ховор санагддаг. Өвөл, хаврыг арайхийж даваад зуны цагт тайвшрах боломжгүй мэт санагддаг. Учир нь нуур далайд амрах гэсэн хүмүүс Хөвсгөлийг олноороо зорьдог. Намрын улиралд уул хадаар жимс, самар түүгчид салдаггүй гээд та бүхнээс байнгын хараа хурц, чих сонор байхыг шаарддаг болов уу?
-Тийм ээ, яг онож хэллээ. Ер нь онцгой байдлын албаныхан байнгын онцгой нөхцөлд ажилладгийн дээр Хөвсгөл нутаг хөл ихтэй газар. Хол ойрын зочид жилийн дөрвөн улиралд тасардаггүй. Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоор ч томд ордог. Аймгийн хэмжээнд 130 мянган иргэнтэй бол Мөрөн хотын хүн амын тоо 40 мянга давсан. Гол мөрөн, нуур, уул даваа олонтой онцлог аймаг. Мөрөн хот өдрөөс өдөрт өргөжин тэлэхийн хэрээр объектийн түймрийн үед амжиж очихгүйд хүрч байна. Тиймээс Мөрөн хотод гал унтраах анги нэмж байгуулах шаардлагатай байгаа. Гол усанд осолдох, салхи шуурганд төөрөх үед тусламж үзүүлдэг эрэн хайх, аврах салбарыг анги болгон өргөтгөх шаардлага бас бий. Асуудлыг ОБЕГ-т тавьчихаад байгаа. Түүнчлэн Хатгал тосгонд онцгой байдлын анги байгуулах юм.
-Хатгал тосгон хөл ихтэй сумдын нэг. Ноднин жил Хатгалд хүүхдүүд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэр үед онцгойгийнхон амжиж очих боломжгүй байсан уу?
-Хатгал тосгонд хүүхдүүд амь эрсдэх үед манай усан пост буучихсан, иргэд дураараа далайд аялахыг хориглочихсон үе таарсан. Манай ОБГ зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 25-ныг дуустал далай дээр усан пост ажиллуулдаг. Тэрхүү пост буусны дараа эл хэрэг явдал гарч, аврагчид амжиж тусалж чадаагүй харамсалтай хэрэг гарсан. Тиймээс ч Хатгалд гал унтраах, аврах ангийг байгуулах зайлшгүй шаардлага бий. Үүнийг ОБЕГ-ын удирдлагууд дэмжсэнд талархаж байна гэлээ.
Сэтгүүлч: Д.Цээпилмаа
Эх сурвалж www.news.mn