Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Өвөрхангай, Сэлэнгэ, Булган, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.                                                                       
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь болон тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг  нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг,  Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 28-нд нутгийн зүүн хагаст,  29-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-28-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 29-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Залаагийн-Ар” гэдэг газар малчин Ө, О нарын хотонд 151 хонинд 2017.01.18-ны өдөр малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.18-ны өдрийн 17-231 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.01.18-ны өдрийн А/17 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.01.25-ны өдрийн байдлаар 2 өрхийн өвчилсөн 151 хонийг зориудаар устгасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Дархан ноёны худаг” гэдэг газар малчин Ч-н 51 хонинд 2017.01.23-ны өдөр малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.24-ний өдрийн 17282 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус дүүргийн Засаг даргын 2017.01.24-ний өдрийн А/26 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон хяналтын 4 цэгт 20 хүн, 5 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Ар дов” гэдэг газар малчин Б-н 53 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.19-ний өдрийн 1743 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 2016.12.22-ны өдрийн А/75  дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.01.24-ний өдрийн А/12 дугаар захирамжаар цуцалсан.

3.Объектын гал түймэр:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 2 дугаар хэсгийн 22 тоотод байшигийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.25-ны өдрийн 09:18 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,  Нарангийн 4 дүгээр гудамжийн 469 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.25-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top