Налайх дүүрэгт тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

01-26-3.jpg

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт хонь малын гоц халдварт “Цэцэг өвчин” гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 сарын 24-ны өдрийн А/26 дугаар захирамжаар голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

01-26-4

Тус хорооны Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж байсан малчин өрхийн хоёр хонь өвчин туссан байдалтай байна гэсэн дуудлага 01 сарын 23-ны өдөр ирсний дагуу 399 хонинд үзлэг тандалт хийж үзэхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул ийнхүү тусгаарлаад байгаа юм.

Одоогоор дамжин өнгөрч байгаа машин техникийг ариутгал халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр нэвтрүүлж байгаа бөгөөд тухайн хорооны иргэд болон голомтын бүсэд байрлах цэргийн ангиудын албан хаагчдын орж гарах хөдөлгөөнийг бүрэн хорьсон байдалтай байна.

01-26

Онцгой комисс яаралтай хуралдан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

2017 оны 1 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрийн байдлаар нийт 1762 хонинд үзлэг тандалт хийсэн бөгөөд 173 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлгийн  албан хаагчид, мөн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, “Бөх-Мо” мал эмнэлгийн ажилчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top