Баатруудыг мартах учиргүй

TBT.jpg

2007.06.14-ний өдөр. Мартаагүй гэдэгт итгэлтэй байна. Энэ бол эх орныхоо, ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлээр 15-н аавын хүү амиа өргөсөн өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан түймрийг унтраахаар шижигнэсэн 22 залуу ниссэн ч долоо нь эргэн ирсэн юм. Эргээд ирнэ гэсэн итгэл найдварыг тээсээр, олигтой халуун хоол ч үгүй, 150-н төгрөгний хятад бэлэн гоймон чанаж идээд л ниссэн байдаг. Зарим нэгнийх нь хувьд сүүлийн хоол нь энэ байсан гэж бодохоор хоолой зангирмаар. Тэдний дунд өмнөх өдөр нь Тэрэлжид гарсан галыг унтраагаад, амрах ч завгүй дараагийн үүргээ биелүүлэхээр явсан онцгойгийн албан хаагч бий. “Өнөөдөртөө буцаад ирэх байхаа” гээд унтаж байгаа хүүгээ үнсэж амжаагүй гарсан аав, саяхан хуримаа хийгээд хорвоод мэндлэх үрээ хүлээсэн цэл залуухан хосын нэг ч байсан.

6cf78da6f6ee75d0big

Нисдэг тэрэг осолдсоноос хойш ууланд уух балга ч усгүй дөрөв хонохдоо тэд шантраагүй. Мөр зэрэгцэн алба хааж явсан анд нөхдийнхөө шарил, хэзээ мөдгүй дэлбэрч магадгүй нисдэг тэрэгний сэгний дэргэд сууж байхад эр хүний дотор юу бодогдож байсныг таашгүй. Амьд үлдсэн хүмүүсийн дунд бага бэртсэн хүн нэгээхэн ч байгаагүй юм. Гэхдээ тэд хугарсан гар, хөлөө зөөн нэг нэгнээ түшиж босгоод өндийж чадахгүй байгаа нэгэндээ борооноос тоссон балга усыг нь уулгаж байсан гэдэг. Зөвхөн босохдоо л 30 минут зарцуулж байсан гэхээр тэр дүр зургийн талаар тайлбарлах ч хэрэггүй байх. Өдөрт ганц удаа олдох балга усыг амандаа хийн бага багаар залгиж байхдаа нүдэнд нь биш ч сэтгэлд нь нулимс урсаж байсан нь тодорхой. Харин амь үрэгсдийн хувьд ганц ч удаа “ёо ёо” гэж хэлээгүйг хожим нь анд нөхөд нь дурсан ярина. Бөгсөн биеэрээ нисдэг тэрэгний сэнсэнд хуваалгасан хирнээ “Намайг гэрийнхэнд маань бага гэмтсэн гэж хэлээрэй” хэмээн сүүлийн үгээ хэлээд хорвоог орхисон байдаг. Өөрсдийг нь олж харахгүй дээгүүр нь нисэх нисдэг тэргийг зөрж өнгөрөх болгонд залбирч байсан нь тодорхой. Нисдэг тэрэлжид “Хүр хүр” хийх тод чимээ сүүлийн удаа сонсогдоод буцахад онцгой байдлын албан хаагч Ж.Бадамжунай “Миний хоёр охин тэр онгоцыг дуудаад өг л дөө ” гээд гараараа газар алгадсан гэдэг. Яг энэ үед нисдэг тэрэг тэднийг олж харснаа илтгэн дээгүүр нь гурав тойроход хамт байсан аврагч “Таны хоёр охинд баярлалаа” хэмээн дуу алдаж байжээ. Ингэж тэд зүтгэж, зовж амьд үлдсэн ч эх орондоо нэг ч удаа гомдож байгаагүй. Бид хэцүү байна хэмээн ялархаагүй ээ. Ми-8 нисдэг тэрэгний ослын дараа амьд үлдсэн долоон албан хаагчид одоо ч үүрэгт ажлаа бахархалтайгаар биелүүлж байгаа. Тэд ослын дараа хэлсэн үгэндээ   “Юундаа гомдох вэ. Бид эх орныхоо өмнө хүлээсэн тангарагтай хүмүүс. Эрсдэлтэй  мэргэжил. Би  хийхгуй бол өөр хэн энэ ажлыг хийх вэ. Үoнийгээ мэдэж бид өнөөдрийг хүртэл улаан галтай уралдан хүний амийг авардаг. Тийм байж бид төр засгаас мөнгө нэхээд, ингэсэнгүй, тэгсэнгүй гээд суух уу. Тэгэх ёсгүй төрийн тусгай албан хаагчид шүү дээ. Хэцүү байгаагүй. Шүхрээр буух дуртай. Хэдийгээр энэ ажлаа хийж явах зуураа олон удаа үхэлтэй тулгарч явсан ч шантрах үе гарч байгаагүй. Тэнгэрт ёслоод шүхрээр буух сайхан. Энэ мэдрэмжийг юугаар ч солих аргагүй” хэмээн хэлсэн байдаг.

Screen Shot 2015-04-16 at 9_16_49 AM

2012 оны тавдугаар сарын 03-ны өдөр.

Дорнод аймгийн Чойбалсан хотод гарсан түймрийг унтрааж байсан гурван гал сөнөөгч амиа алдаж, хоёр нь маш хүнд бэртэлтэй амьд үлдсэн билээ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшгийг давах хүчин зүйл нэгээхэн ч байдаггүй. Түймрийг унтрааж байхад салхины чиглэл гэнэт өөрчлөгдсөнөөр гал тэднийг нөмрөн авч хоёр аврагч газар дээрээ, нэг аврагч эмнэлэгт хүргэгдэх замдаа харамсалтайгаар хорвоог орхисон юм. Маргааш нь тэдний гэгээн дурсгалд зориулан хамтран үүрэг гүйцэтгэгчид нь гэрлээ унтраан, зулаа асаасан. Гэхдээ тэднийг байхгүйд эзгүйрэх орон зайг юу ч нөхөж чадахгүй. Гал түймрээс 90 хувийн түлэгдэлттэй амьд үлдсэн Г.Багабишийг дурсахгүй байхын аргагүй. Тэрээр өөрийнхөө амийг үл хайрлан салхины чиг өөрчлөгдөх үед хамтрагчаа доороо дарж хэвтсэнээр хамтрагч А.Болорсүх нь 60 хувийн түлэгдэлттэй амьд үлдсэн юм. Тэд эх орныхоо, анд нөхдийнхөө төлөө ийм л халуун сэтгэл, бүлээн цустай жинхэнэ монгол эрс.

9815

Ийм хүнд албыг хашдаг атлаа цалин, хангамж сайн биш. Тэдний ихэнх нь айлын хажуу эсвэл нийтийн байранд өрөө хөлслөн амьдарна. Гэхдээ тэд ажилдаа дуртай. Боль, ажлаасаа гар гэж хэлдэггүй, дэмжиж хайрлаж , эсэн мэнд л байгаасай хэмээн залбирч байдаг онцгойгийн албан хаагчдын ар гэрийнхнээр бахархмаар. Ми-8 нисдэг тэрэгний ослын дараах дүр зургийг одоо ч эргэн санахад зүрх зүсэм. Танхимд цугларч амьд л байгаасай хэмээн хүлээх ар гэрийнхэн. Амь үрэгсдийн нэрийг нэг нэгээр нь дуудах тэр мөч. “Аавыг ирэхийг хүлээж байгаа юм уу” гэх хүүгийнхээ асуултад нүднээсээ бөмбөрөх нулимсаараа хариулах хань ижлүүд. Нэгэн аавын хүүг, нэгэн хүүхдийн аавыг , нэгэн монгол баатраа алдаж байгаад Монголын ард түмэн цөмөөр харуусаж байсан цаг саяхан.

Хэнэггүй нэгний хаясан тамхины иш, унтраалгүй үлдээсэн галын цогоос үүдэн ой хээрийн түймэр гардаг. “унтарчих байлгүй дээ” хэмээн найдаж үлдээсэн бүхэн эргээд нөхөж баршгүй гарз хохирлыг авчирдаг. Шатсан мод дахин ургахгүй, эрсэдсэн амь дахин амилахгүй. Хамгийн харамсалтай нь хэнэггүйхэн өнгөрөөсөн хэдхэн хормын үйлдлээс эрдэнэт хүний амь нас, авран хамгаалах гэсэн аврагчид эндэж хохирч байна. Хүмүүсээ алхам бүрдээ хянамгай байж, гай гамшиг тарихаас сэргийлж байцгаая. Хүн бүр ийм сэтгэлээр хандвал өдөр бүр шахуу гарч байгаа осол, гамшиг. түймрийн аюулыг багасгаж, сэргийлж чадна.

Э.Хулан www.times.mn

scroll to top