Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                                                                            
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр   5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 13-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багийн 2 дугаар гудамжийн 18 тоотод иргэн О /42 настай, эмэгтэй/ 2017.02.08-ны  өдрийн 13:00 цагт гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.02.08-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч 6 автомашинтай, Цагдаагийн хэлтсийн 7 албан хаагч 2 автомашинтай, ар гэрийн 8 хүн, 1 автомашинтай, нийт 31 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 73 км-т 2017.02.08-ны өдрийн 16:02:32 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогч Б-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвөөс баруун зүгт 19 км-т 2017.02.08-ны өдрийн 22:08:02 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э-ээс  тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байлаа.

4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амгалан” захын дэргэд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт автотээврийн хэрэгслийн осол гарч суудлын автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2017.02.09-ний өдрийн 00:42 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан иргэн М /25 настай, эмэгтэй/-ыг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

5.Объектын гал түймэр

Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Нарийн”-ы 30 дугаар гудамжийн 16 тоотод иргэн Н-ийн хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.08-ны өдрийн 18:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 2  автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Бага наран”-гийн 5 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.08-ны өдрийн 21:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Сургууль”-ийн 4 дүгээр гудамжийн 1604 ттоотод иргэн Н.Оюуны 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.09-ний өдрийн 03:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top