Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгуудад бага хэмжээний цас орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгаар цас орно. Салхи 17-нд зарим газраар, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 18,19-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар, 19-20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 18-нд ихэнх нутгаар, 19-20-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн “Чандмань” гэдэг газар 2017.02.12-ны өдөр хиймэл нуурын далан сэтэрсний улмаас улсын чанартай авто замын зорчих хэсэг хаагдах, тус багийн 500 гаруй айл өрх усанд автах нөхцөл байдал үүссэн тухай мэдээллийг 2017.02.14-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, 3 автомашин, “АЗЗА” ХХК-ийн 8 албан хаагч, 1 автомашин, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын 20 хүн, 3 автомашин нийт 62 хүн, 6 автомашинтай ажиллаж усны урсгал өөрчилж, суваг татах, татсан сувгийн дагуу далан босгох ажлыг хийж ажиллаж байна.

Цас, шаварт саатсан: Архангай аймгийн Ихтамир сумын Донгой багийн “Донгойн даваа” гэдэг газар иргэн Э-ийн “Норд Бенз” загварын чиргүүлтэй ачааны автомашин өгсүүр замд хүч алдан, автозамын зорчих хэсгийг хааж зогссон тул татан гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2017.02.15-ны өдрийн 07:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 албан хаагч, ажиллаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байсан автомашиныг татан гаргаж, авто замын зорчих хэсгийг чөлөөлсөн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоон нуур” гэдэг газар иргэн З-ийн УБИ улсын дугаартай 4 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.02.15-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 6 албан хаагч ажиллаж, иргэн З /46 настай, эрэгтэй/, С /26 настай, эмэгтэй/, БНСУ-ын иргэн Ж /56 настай, эрэгтэй/, Ю /45 настай,эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

3. Объектын гал түймрийн талаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.15-ны өдрийн 06:28 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч.

Согинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 1 дүгээр гудамжийн 2-2 тоотод иргэн Ж-гийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.15-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top