Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь нарын аймгийн удирдлагууд, ОБГ-ын албан хаагчид хүлээн авч уулзлаа.
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн өнөөгийн нөхцөл байдал, ОБГ-ын ажил албатай танилцав. Баянхонгор аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад өвөлжилт харьцангүй таатай байгаа. Өвөлжилт хүндэрсэн, зуд турханы байдалтай сум одоогоор байхгүй. Тиймээс сумдаар явж ажиллах шаардлагагүй хэмээн үзлээ.
Шадар сайд У.Хүрэлсүх аймгийн ОБГ-т ажиллах үеэрээ, “Онцгой байдлын газрын хүчин чадал, нэр хүнд ард түмнийхээ итгэл сэтгэл дээр тогтдог гэдгийг бид мартаж болохгүй. Жилээс жилд онцгой байдлын албаны нэр хүнд, боловсон хүчний чадавх, техникийн хүчин чадал өсч байгаад би баяртай байдаг. Тиймээс бид ард түмний итгэл хайрыг дааж улам бүр түргэн шуурхай, хичээж ажиллах хэрэгтэй. Монгол улсын Засгийн газраас жилээс жилд энэ албаны чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа ч Онцгой байдлын газрын албан хаагчдын нийгмийн хангамж, цалин тэтгэмжийг хасаагүй. Энэ нь манай Онцгой байдлын алба ямар чухал, хариуцлагатай вэ гэдгийн тод илэрхийлэл юм. Тиймээс ард түмнийхээ эрүүл энх, амар тайван амьдралын төлөө чин сэтгэлээсээ хандаж хичээж ажиллаарай. Удахгүй болох гэж буй сар шинийн баярын мэндийг та бүхэндээ болон гэр бүлийнхэнд хүргэж байна” гэв.
Тус ажлын хэсэг Говь-алтай, Баян-Өлгий, Ховд, Завхан зэрэг баруун аймгуудын өвөлжилт хүндэрсэн сумд, малын гоц халдварт өвчин дэгдсэн бүс нутагт ажиллаж Улсын онцгой комиссоос олгож байгаа өвс, тэжээл, тусламжийн бараа, эм био бэлдмэлийг иргэд малчддад хүргэж өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах юм.