Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй ажлын хэсэг энэ сарын 17-нд Говь-Алтай аймагт ажиллалаа. Говь-Алтай аймаг нь 56.7 мянган хүн амтай бөгөөд нийт сумдын 87 багт 3494.4 мянган толгой мал өвөлжиж байгаа талаар орон нутгаас мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 917 мал зүй бусаар хоргодож, 1152 төл хүлээн аваад байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 173 тонн өвс, 25 тонн тэжээл хадгалагдсан бөгөөд одоогоор зарцуулагдаагүй байгаа аж.
Говь-Алтай аймагт өвөлжилтийн хүндрэл бага байгаа хэдий ч малын халдварт өвчин, бөхөнгийн хорогдлын асуудалд Улсын онцгой комисс анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Шадар сайд У.Хүрэлсүх энэ талаар “Аймгийн хэмжээнд бөхөнгийн хорогдолд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Холбогдох төрийн байгууллагууд хариуцлагаа сайжруул. Өвөлжилт хүндрээгүй гээд дулаан конторт халуун цай ууж суухын оронд хэдэн малчдаа эргэж тойрч бай” хэмээн үүрэгдлээ.
Улсын онцгой комиссын баг бүрэлдэхүүн малын гоц халдварт өвчин дэгдсэн бүс нутагт ажиллаж, Улсын онцгой комиссоос олгож байгаа өвс, тэжээл, тусламжийн бараа, эм био бэлдмэлийг иргэд малчдад хүргэн, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж байна.