Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлахаар боллоо

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт гарсан шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцлээ.

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт 2014 оны 01 дүгээр сарын 27-нд шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өвчний тархалт 3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан юм.

Өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн 3454 малыг зориудаар устгаж, 4,5 сая малыг вакцинжуулжээ.  Сүүлийн 11-41 хоногт мал нэмж өвчлөөгүй байна.

Иймд Дорноговь аймгийн Иххэт, Даланжаргалан сумдыг аймгийн Онцгой комиссын мэдэлд үлдээж, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймагт тогтоосон хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэмийг цуцлахаар боллоо.

Шүлхий өвчний дэгдэлтийг зогсоож чадсан ч цаашид анхаарч үзэх олон асуудал байгааг Онцгой комиссын хурлын үеэр албаны хүмүүс тэмдэглэж байлаа.

Шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд шаардагдах нийт 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлжээ.

Мөн уг өвчинтэй тэмцэхэд шаардагдах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис худалдан авах, голомтын бүсэд дайчлагдан ажиллаж байгаа иргэдийн томилолтын зардалд 5.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулаад байна.

Шүлхий өвчний голомтыг устгах, тархалтыг зогсоох, устгасан малд нөхөн олговор олгоход Засгийн газар 2005-2013 онд нийт 27,1 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл энэ удаагийн шүлхий өвчлөлийн үед 10,6 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Цаашид энэ мэтчилэн улсын төсвөөс ийм байдлаар их хэмжээний хөрөнгө зарцуулаад байх уу, эсвэл уг өвчинтэй тэмцэх стратеги, арга барилаа өөрчлөх үү гэдгийг эргэн харах шаардлагатай гэж Улсын онцгой комиссын гишүүд үзлээ.

Улсын Онцгой комиссын хуралдааны төгсгөлд, Монгол Улсын Шадар сайд  Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва холбогдох байгууллагуудын удирдлагад шүлхий өвчний талаар цаашид авч хэрэгжүүлэх  арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

IMG_6384

scroll to top