ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

olloo_mn_1483667176_uih.jpg

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/ 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж

2.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын байгууллага, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэний оролцоог уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг;

4.1.2.“аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд,

үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг;

 4.1.3.“осол” гэж үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох зэргийг;

4.1.4.“гамшгийн эрсдэл” гэж гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлалыг;

4.1.5.“аюул” гэж хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол, хүний буруутай үйл ажиллагааг;

4.1.6.“эмзэг байдал” гэж аюулд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин өртөгдөх зэргийг; 

4.1.7.“гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” гэж гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхийг;

4.1.8.“гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа” гэж гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй хохирлын хэмжээг багасгах, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг; 

4.1.9.“гамшгийн зарлан мэдээлэл” гэж олон нийтэд хүргэх дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг;

4.1.10.“эрэн хайх, аврах ажиллагаа” гэж голомтын бүсэд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх арга хэмжээг;

4.1.11.“голомтын бүс” гэж гамшиг, аюулт үзэгдэл болон ослын улмаас хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт тогтоон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагаа явуулж байгаа обьект, нутаг дэвсгэрийг;

4.1.12.“нэрвэгдэгсэд” гэж гамшиг болон аюулд өртсөн иргэдийг;

4.1.13.“гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах” гэж эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт хүч хэрэгслийг татан оролцуулах, шаардлагатай барилга байгууламж, газрыг ашиглахыг;

4.1.14.“гамшгийн хор уршиг” гэж гамшгийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг;

4.1.15.“гамшгийн хор уршгийг арилгах” гэж энэ хуулийн 4.1.14-д заасан үр дагаврыг багасгах, хоёрдогч аюулын шинж чанарыг бууруулах, гамшгийг гэтлэн давахад чиглэсэн хойшлуулшгүй үйл ажиллагааг;

4.1.16.“хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа” гэж гамшгийн улмаас үүссэн нөхцөлийг хэвийн байдалд оруулахад чиглэсэн шинээр босгох, сэргээн засварлах арга хэмжээг;

4.1.17.“мэргэжлийн анги” гэж сум, дүүрэг, хуулийн этгээдийн дэргэд байгуулагдсан, аврах ажлын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг гүйцэтгэхэд сургаж бэлтгэгдсэн орон тооны бус томилгоот нэгжийг;

4.1.18.“сайн дурын хэсэг” гэж сайн дурын үндсэн дээр гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцохоор зохих сургалтад хамрагдсан  иргэдийг. 

5 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зарчим 

5.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

5.1.1.хүмүүнлэг, шуурхай, ил тод, хариуцлагатай байх;

5.1.2.мэргэжлийн нэгдмэл удирдлагатай байх;

5.1.3.шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан байх;

5.1.4.өмчийн хэлбэрийг үл харгалзах;

5.1.5.иргэдийн оролцоонд тулгуурлах.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ.

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

scroll to top