Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, баруун хагаст багавтар үүлтэй. Дорнод, Дарьгангын талаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 4-9 градус, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Аврах ажиллагаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голд /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ А/8 настай, эмэгтэй/ голын мөс цөмөрч усанд живсэн тухай дуудлагыг 2017.02.22-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, Цагдаагийн газрын 5 албан хаагч, орон нутгийн 11 иргэн, Эс Эс Монголия ХХК-ийн 8 ажилчин, нийт 32 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр голын мөсийг 90 орчим метр хагалж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Голын өргөн 12 метр, гүн 1.5 метр, мөсний зузаан 30 см байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 4 настай хүүхэд угаалгын машинд хөлөө хавчуулсан гаргах боломжгүй байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2017.02.24-ний өдрийн 03:42 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, Т/3 настай, эрэгтэй/ угаалгын машины сэгсрэгчинд хөл гацсан байсныг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 3.Объектын гал түймрийн талаар:

Объектын гал түймэр: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд иргэн Э-гийн граж, 25-26 УБС улсын дугаартай “Тоёота Алфайрд” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.23-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.24-ний өдрийн 04:10 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

                                                  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top